Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, БНХАУ-ын Нийгмийн ШУА-ийн Ази Номхон далай ба Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн хамтран “Монгол-Хятадын тинк танк форум-2026: XXI зуунд Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх арга зам ба боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо, “Хоёр талын эрдэмтэн судлаачид, холбогдох байгууллагуудын төлөөлөл зэрэг 80 гаруй хүн оролцсон анхны тинк танк форумыг нэг өдрийн хугацаанд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Тус форумаар хоёр улсын харилцааны түүхийг гэхээсээ илүүтэй ирээдүйд чиглэсэн ямар боломж байна вэ, тэдгээрийг хэрхэн хөгжүүлэх ёстой вэ гэдэгт төвлөрч ярилцлаа. Ер нь хоёр улсын түвшин бүрд хамтын ажиллагааны байнгын механизм байх ёстой. Тэр тусмаа эрдэмтэн судлаачид хамтын ажиллагааны байнгын механизмтай болбол хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлээрх санал дүгнэлтээ бодлого боловсруулагч нарт хүргэх боломж бүрдэнэ. Энэхүү форум бол бидний эхний алхам. Цаашид тус үйл явцыг тогтмолжуулахад талууд анхаарах хэрэгтэй” гэлээ.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн зөвлөх Д.Шүрхүү, “Монгол Хятадын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх хамтарсан мэдэгдлийг 2014 онд гаргасан. Өнгөрсөн хугацаанд бид энэхүү түншлэлийн тохиролцоог хэрэгжүүлэхийн тулд чамгүй ажиллаж, зохих үр дүнд хүрсэн байна. Тухайлбал, Монгол, Хятадын худалдааны хэмжээ энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна. Үүнээс гадна дэд бүтэц, уул уурхай, эрчим хүчний салбарт томоохон төслүүд хэрэгжиж байна. Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн бодит нөхцөлүүдийг харвал үүнээс ч илүү боломж байгааг дээрх жишээ харуулж буй юм. Иймд хоёр улсын хооронд тогтоосон өндөр түвшний түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын тулд хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, мэргэшсэн боловсон хүчнээр хангах, судалгаа шинжилгээний үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээв.
Форумын үеэр Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, БНХАУ-ын Нийгмийн ШУА-ийн Ази Номхон далай ба Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
