Богдхан уулын эхний экологийн гарцын байршлийг өнөөдөр эцэслэн тогтсон байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрийн А/823 дугаар тушаалаар зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах, амьдрах орчны холбоосыг сэргээх зорилгоор “Богдхан уулын экологийн гарц” байгуулах Ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй хамт газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөлийн гишүүн, Монголын байгаль хамгаалагчдын холбооны гүйцэтгэх захирал, биологич С.Баярхүү, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх Ё.Онон болон холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг оролцуулсан өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж, эхний экологийн гарц байгуулах байршлыг эцэслэн тогтлоо.

Богдхан уул нь нийслэлийн төвлөрөл, хотжилт, авто болон төмөр зам, хашаа байгууламжийн нөлөөгөөр бусад байгалийн бүсээс хэсэгчлэн тусгаарлагдаж, зэрлэг амьтдын нүүдэл, шилжилтийн зам хумигдах нөхцөл үүсээд байна. Тухайлбал, халиун буга, бор гөрөөс зэрэг зэрлэг амьтдын Богдхан уул–Туул голын хооронд нүүдэллэх хөдөлгөөн хязгаарлагдаж, авто замд дайруулах, зэрлэгшсэн нохойд хөөгдөх, хашаа байгууламжид хавчигдах зэрэг эрсдэл гарч байна.

Экологийн гарц байгуулснаар зэрлэг амьтдын нүүдэл, шилжилтийн боломж сайжирч, амьдрах орчны холбоос сэргээгдэхээс гадна зам тээврийн осол, хашигдах болон суурьшлын бүс рүү орж ирэх эрсдэл буурах ач холбогдолтой.

Тус бүтээн байгуулалтыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн