. Улаанбаатар, 8 дугаар сарын 20. 2026–2027 оны хичээлийн жилд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын тэтгэлэг хүртсэн оюутнуудад батламж гардуулах ёслол өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд боллоо.
Ёслолд Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Цао Ли, тэтгэлэг хүртсэн оюутнууд болон тэдний эцэг эх, зочид төлөөлөгчид зэрэг 400 гаруй хүн оролцов.

Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ, Хятад улсын хурдацтай хөгжил нь дээд боловсролын сургалтын түвшинтэй нягт холбоотой болохыг онцлов. Тэрбээр мөн “Өнөөдөр Хятадын 80 их, дээд сургууль дэлхийн шилдэг 1,000 их, дээд сургуулийн эгнээнд багтаж байна. Хятадын их, дээд боловсролын салбар хүний нөөцийн хөгжил, шинжлэх ухааны судалгаа, инновацын хөгжилд өндөр ач холбогдол өгдөг. Хятадад суралцах монгол оюутнууд суралцах хугацаандаа гүнзгий мэдлэг эзэмшихийн зэрэгцээ эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Монгол Улсын бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, технологийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаа”-гаа илэрхийлэв.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Боловсролын яам цаашид Хятадын холбогдох их, дээд сургуулиудтай хамтран “2+2”, “3+1” зэрэг хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, дотоодын их, дээд сургуулийн оюутнуудад Хятадад урт болон богино хугацаагаар суралцах боломж олгохоор төлөвлөж байгааг Боловсролын сайд хэлсэн үгэндээ дурдсан юм.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Цао Ли тэтгэлэг хүртсэн 357 монгол оюутанд баяр хүргэсний дараа хэлэхдээ, 1986 онд Хятад улс Монголын оюутнуудыг хүлээн авч эхэлснээс хойших 40 жилийн хугацаанд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр н10,788 монгол оюутан суралцаад байна. Харин Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын тэтгэлгийг 2005 онд хэрэгжүүлж эхэлснээс хойших 21 жилийн хугацаанд 2,500 гаруй монгол оюутанд тэтгэлэг олгожээ. Үүн дээр бэлтгэл болон хэлний сургалт зэрэг бусад хөтөлбөрийг нэмбэл жил бүр ойролцоогоор 4,000 монгол залуус Хятадад суралцаж байна гэв.

БНХАУ-д бакалаврын түвшинд суралцах оюутан Г.Булгантамир үг хэлэхдээ, “Өнөөдөр бид энгийн ахлах ангийн сурагчид байхаа больж, Монгол, Хятад хоёр орны хоорондын соёлын бяцхан элч болж, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хариуцлагатай оюутнууд боллоо. Энэхүү нэр хүндээ эрхэмлэн, цаашид ямар ч байр суурь, ямар ч дуу хоолойтой тулгарсан өөрийнхөөрөө зоригтой байж, зарчмаа тууштай баримтлан, нийгэм болон хүрээлэн буй орчиндоо хувь нэмрээ оруулахаа мартахгүй, хариуцлагатай, үүрэг ухамсартай, эрүүл саруул ухаанаар сэтгэдэг залуус болохын төлөө хичээцгээе” хэмээв.
Ёслолын үеэр тэтгэлэг хүртсэн оюутнууд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд зориулан урлагийн тоглолт толилууллаа.


