Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр/2026.08.31/ 19:00 цагаас Тайландын эсрэг тоглоно. 2029 оны Азийн аварга руу нэг шат ойртсон хоёр багийн хожсон нь хэсгээ тэргүүлэх учиртай. Хоёр баг хоёулаа Вьетнам болон Фижиг илт давуу хожсон билээ.
Монголын шигшээ баг түүхэндээ хоёр удаа Тайландтай тоглосон. Анх 2018 оны Азийн наадамд учраа таарахад Тайланд 87-86 гэсэн харьцаатай хожиж байв. Тус тоглолтод Монголын шигшээ хожих бүрэн боломжтой байсан ч сүүлийн довтолгоогоо өөрсдөө алдсан юм. Хэрэв хожсон бол хасагдах шатанд шалгарах байлаа.
Хоёр дахь учраа нь 2022 онд тохиов. Монголд болсон тоглолтод Тайландын баг 109-105 гэсэн харьцаатай мөн л хожсон. Тэр тоглолтоор монголчууд Фредрик Лиш гэдэг тоглогчтой танилцжээ. Лиш Монголын дээд лигийн цөөнгүй багуудад тоглож, эчнээ сагсан бөмбөг сонирхогчдын таньдаг дүр болсон.
Тэгвэл гурав дахь учраа өнөөдөр. Энэ удаад Монголын шигшээ баг илүү өндөр, илүү хурдан, залуужсан. Ш.Энхийн-Од хэсгийн гурав дахь тоглолтод тоглох эсэх нь эргэлзээтэй байна. Вьетнамын эсрэг шагайгаа бэртээсэн тэрбээр Фижигийн эсрэг тоглоогүй билээ.