Малчдын тухай сонсголд ирүүлэх бүртгэл, санал, тайлбарыг 17 цаг хүртэл хүлээн авна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос энэ сарын 23, 24-нд “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдвээр ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд зохион байгуулна.

Малчны эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний ажиллах, амьдрах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, байгалийн чадамжид нийцсэн, өрсөлдөх чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх зорилт бүхий Малчны тухай хуулийг УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 5-нд баталсан юм. Уг хууль хэрэгжээд хоёр жил болж байгаа хэдий ч хуулийг дагалдан батлагдах ёстой 11 журмын ердөө хоёрыг нь баталсан байна. Тухайлбал, малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах зохицуулалтыг хуульчилсан. Үүнд малын эмч, эм зүйч гэх зэрэг бусад мэргэжлийг оруулаагүйгээс өнгөрсөн хичээлийн жилээс эхэлсэн энэхүү зохицуулалтын хүрээнд ердөө 50 оюутан суралцаж байгаа аж.

Мөн хуульд “Малчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх” зохицуулалтын хүрээнд ердөө хоёр малчин ипотекийн зээлд хамрагджээ. Малчны тухай хуулийг УИХ баталснаар малчдаа дэмжихээр олон бодлого, зорилтыг хэрэгжүүлэхээр хуульчилсан хэдий ч хэрэгжилт хангалтгүй байгаа учраас ийнхүү ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байгаа аж. Сонсголд иргэд, тэр дундаа малчид идэвхтэй оролцож, биечлэн оролцоогүй нь асуулт, саналаа цахимаар ирүүлэх боломжтой.

Сонсголд оролцох иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг энэ сарын 18-ны өдрийн 17 цаг хүртэл хүлээн авах аж. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан, У.Отгонбаяр нар тус сонсголд малчид, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалав.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн