Нийслэл хотын төв Д.Сүхбаатарын талбайн тохижилт, цэцэгжүүлэлт хангалтгүй байгааг иргэд шүүмжилсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр болон холбогдох албаныхан тус газарт ажиллажээ.
Энэ үеэр нийслэлийн төв талбайн эвдэрч, хагарсан хавтанг шинэчлэх, цэцэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлж, 10 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр “Нийслэлийн төв талбайн хавтангууд хагарч, ногоон байгууламж, цэцэгжүүлэлт хангалтгүй байгааг иргэд шүүмжилж байна. Энэ хүрээнд холбогдох ажлуудыг эрчимжүүлж, 10 хоногийн дотор гүйцэтгэхийг үүрэг болгож байна. Дүүргүүд аливаа ажлыг гүйцэтгэх болон хяналт тавих байгууллагыг өөрсдөө сонгодгоос үүдэж тохижилт, үйлчилгээний чанар хангалтгүй байна. Цаашид дүүргүүдийн тохижилтын ажлын хяналтын байгууллагыг нийслэлээс сонгодог болно” гэв.
Харин Хот тохижилтын газрын дарга Г.Ууганбаяр “Төв талбайн урд хэсэгт гэрэлтүүлгийн шон суурилуулах ажлын үеэр хүнд даацын авто машинууд зорчсоноос шалтгаалан хавтангууд саяхнаас эвдэрсэн. Д.Сүхбаатарын талбайн хавтантай ижил төрлийн чулуу Монгол Улсад худалдаалдаггүй. Шаардлагатай чулууг захиалсан байгаа, ирмэгц нь хавтангуудыг богино хугацаанд шинэчилж дуусгана” хэмээн тайлбарласан байна.
Тэгвэл УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан тохижилтын ажлыг дүүрэгт нь шилжүүлснээс болж удааширсныг дурдаад энэ жил Д.Сүхбаатарын талбайн цэцэгжүүлэлтийн хүрээнд 70 мянга орчим цэцгийг энэ долоо хоногт багтаан суулгахаа хэллээ. Түүнчлэн ирэх жилээс бутлаг моддыг хэлбэржүүлэн байршуулж, орчны тохижилтыг сайжруулахаар төлөвлөсөн байна.



