Шатахууны нөөц хангалттай байна

Манай улсын шатахууны нөөц одоогоор хангалттай, нөөц агуулах сав дүүрэн байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ мэдээлэв.

Гэсэн ч дэлхийн геополитикийн байдал, ОХУ, Украины дайн үргэлжилж буй энэ цаг үед цаашид нөхцөл байдал тодорхойгүй байгааг тэрбээр дурдаад, “Сүүлийн нэг жилд ОХУ-ын талтай найман удаа уулзлаа. Энэ сарын сүүлээр дахин явна. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл хичээнэ. Москвад шатахуун хомсдолтой, захын мужуудаар хязгаарлаж олгож байгаа. Манай улсын хувьд ОХУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээ хэлцлийн үр дүнд АИ-92 авто бензин авч байгаа”-г хэлсэн юм.  

Шатахууны нөөц хангалттай байна

Түүнчлэн сайд Г.Дамдинням Гангийн цогцолбор барих төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт дууссаныг мөн танилцуулсан. Гангийн цогцолбор барих төсөлд олон улсын нээлттэй тендер зарлаж, бүх дипломат төлөөлөгчийн газар, олон улсын сайтуудад мэдээллийг түгээжээ. Нэг сар гаруйн хугацаанд 5 аж ахуйн нэгж төслийг сонирхсоноос хоёрыг нь шалгаруулсан. Аж ахуйн нэгжүүдэд сарын хугацаанд төслийн талаар мэдээлэх санал явуулж, үнэлсний дараа шалгарсан нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээ хийх асуудлыг Засгийн газраар оруулсны дараа УИХ-д танилцуулахыг тэмдэглэв.

Мөн “Гангийн төсөл бол Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах, байгалийн баялгаа түүхийгээр нь олборлож шууд экспортлохгүйгээр дотооддоо боловсруулдаг болох Засгийн газрын төсөл юм. Мөн зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын ялагчийг тодруулж, Засгийн газар хэлэлцээр хийж байна. Хөнгөн цагааны аж үйлдвэрийн төсөлд шаардлагатай газрыг тусгай хэрэгцээнд авах, зөвшөөрөл олгохыг шийднэ. Алт боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын хэлэлцээр үргэлжилж байна. Удахгүй олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг танилцуулна” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн