ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 17 /TASS/. Канад улс Хойд Европын орнууд багтдаг Экспедицийн нэгдсэн хүчинд (Joint Expeditionary Force, JEF) нэгдэх хүсэлтээ албан ёсоор гаргажээ. Энэ тухай Канадын Ерөнхий сайд Марк Карни Их Британийн Ерөнхий сайд Энди Бёрнэмтэй Ливерпүүл хотноо хэлэлцээ хийсний дараа Канадын Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлсэн байна.
М.Карни, Э.Бёрнэм нар хоёр улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын түншлэл гүнзгийрэн, өргөжиж буйг удирдагчид онцолж, энэ чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийг хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд М.Карни Канад улс Экспедицийн нэгдсэн хүчинд нэгдэх хүсэлтээ албан ёсоор гаргасныг мэдэгдсэн байна. Тэрбээр энэхүү чухал санаачилгад Канад оролцохыг Их Британийн тал дэмжиж байгааг сайшаажээ.
Түүнчлэн хоёр улсын Ерөнхий сайд нар Их Британи, Итали, Японы хамтран хэрэгжүүлж буй зургаа дахь үеийн радарт үл үзэгдэгч сөнөөгч-бөмбөгдөгч онгоц бүтээх хөтөлбөрийн хүрээнд “цэрэг, аж үйлдвэрийн салбарын” хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна. Канад улс өнгөрсөн долоодугаар сард уг хөтөлбөрт ажиглагчийн статустайгаар нэгдсэн юм.
М.Карни, Э.Бёрнэм нар “Канад, Их Британийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг” онцолж, хиймэл оюуны хөгжүүлэлт зэрэг дэвшилтэт технологийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ.
2014 онд байгуулагдсан JEF нь Их Британи, Дани, Исланд, Латви, Литва, Нидерланд, Норвег, Финланд, Швед, Эстони гэсэн 10 орныг эгнээндээ нэгтгэдэг. Гишүүн орнууд хямралын нөхцөлд зэвсэгт хүчнийхээ шуурхай хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг сайжруулах зорилгоор үе үе цэргийн хамтарсан сургуулилалт зохион байгуулдаг.
Их Британийн удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг энэхүү хүчин нь дээр дурдсан орнуудын хувьд НАТО-г бодит байдал дээр орлох боломжтой гэж үзэж байгаагаа Их Британийн Тэнгисийн цэргийн хүчний ерөнхий командлагч, генерал Гвин Женкинс өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр илэрхийлжээ.
