Дэлхийн олон оронд шатахууны үнэ огцом өсөж, цахилгаан тасалдаж байгаатай холбоотойгоор иргэд эсэргүүцлээ илэрхийлэх болжээ. АНУ, Ираны хооронд үргэлжилж буй дайны улмаас дэлхийн эрчим хүчний үнэ нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт Персийн буланд АНУ Ираны газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудад дахин цохилт өгч, Йеменд байлдаан дахин ширүүссэн. Үүний улмаас газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллараас давжээ. Мөн дэлхийн худалдааны чухал зам болох Баб-эль-Мандебын хоолойгоор дамжих тээвэрлэлтийн аюулгүй байдалд эрсдэл нэмэгдээд буй. АНУ-д газрын тосны үнэ өссөнөөр шатахууны үнэ нэмэгдэж, өвлийн улиралд гэрээ халаалтын тосоор халаадаг айл өрхүүдэд зардал нь улам нэмэгдэх төлөвтэй байна.

Шинжээчид Ираны дайн үргэлжилбэл эрчим хүчний үнэ 30 хүртэл хувиар өсөж болзошгүй гэж үзэж байна.

Харин эдийн засаг сул орнуудад шатахууны үнийн өсөлт илүү хүндээр тусаж байна. Иргэд шатахуун худалдаж авах, ажилдаа явах, бизнесээ ажиллуулах, тэр байтугай зайлшгүй шаардлагатай үйлчилгээг хэвийн явуулахад хүндрэлтэй болжээ. Үүний улмаас зарим оронд эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Тухайлбал, Сирид жагсагчид томоохон авто зам дээр дугуй шатааж эсэргүүцлээ илэрхийлж байна. Гватемалд жагсагчид зам хааж, засгийн газраас яаралтай арга хэмжээ авахыг шаардсан байна. Португалд орон нутгийн бизнес эрхлэгчид болон ажилчид ерөнхий сайдын гэрийн зүг жагсжээ.

Ийнхүү эрчим хүчний үнэ огцом өсөж байгаа нь улс орнуудын эдийн засагт төдийгүй энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж, дэлхийн олон оронд эсэргүүцэл, бухимдал нэмэгдэх шалтгаан болж байна.

СИРИ

Шатахууны үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор Сирид олон нийтийн эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Энэ жагсаал нь Башар аль-Ассадын дэглэм нуран унаснаас хойших хамгийн том нь аж. Тус улсын засгийн газар дизель түлшний үнийг түр хугацаанд нэг литрийг 175 сирийн фунт буюу 1.43 ам.доллар болгож, ойролцоогоор 40 хувиар нэмэгдүүлжээ. Мөн хийн түлшний үнийг 25-аас дээш хувиар өсгөсөн байна.

Сирийн Эрчим хүчний яам үнийн өсөлтийг дэлхийн зах зээл дэх шатахууны үнэ нэмэгдсэн болон тус улсын хамгийн том нефть боловсруулах үйлдвэр болох Банияс үйлдвэрийн засвар үйлчилгээтэй холбон тайлбарлажээ. Үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсоноор Сирийн түлшний импортын хамаарал нэмэгдсэн байна. Өмнө нь үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалууд гарч байсан ч энэ удаагийнхтай харьцуулахад харьцангуй тайван байсан юм.

Өдгөө бухимдсан иргэд нь Ням гаригт (2026.09.13) л гэхэд Хасака–Дейр-эз-Зор чиглэлийн гол замыг хааж, дугуй шатаан, нефть тээвэрлэж явсан машинуудын хөдөлгөөнийг зогсоожээ.

Сирийн нөхцөл байдлыг судалдаг “ACLED” байгууллагын шинжээч Муаз Аль-Абдулла хэлэхдээ, түлшний хомсдол, үнийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар буурсан болон төрийн үйлчилгээний чанар муу байгаа нь олон нийтийн бухимдлыг нэмэгдүүлсэн гэжээ. Түүний мэдээлснээр иргэдийн шаардлага зөвхөн шатахууны үнийг бууруулах асуудлаар хязгаарлагдахгүй. Засгийн газрын зарим шийдвэрийг цуцлах, эрчим хүчний сайдыг огцруулах зэрэг шаардлага ч тавьж эхэлсэн байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Алеппо хотод болсон жагсаалын үеэр иргэд дугуй шатааж, засгийн газрын шатахууны үнийг нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцэн хашхирчээ. Жагсагч Яссер Салим “Бид бүгд дизель түлшний үнийг бууруулахыг хүсэж байна. Цалин нэмэх шаардлагагүй, харин шатахууны үнэ хямд байх хэрэгтэй” гэж хэлсэн байна. Өөр нэг жагсагч Басам аль-Али засгийн газрыг иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд анхаарахын оронд үнэтэй бүтээн байгуулалтад хөрөнгө зарцуулж байна гэж шүүмжилжээ.

ГВАТЕМАЛ

Өнгөрсөн долоо хоногт Гватемалд шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал өрнөжээ. Том тэрэгний жолооч нар болон бусад жагсагчид улс даяар хэд хэдэн гол замыг хааж, зарим газарт эд хөрөнгөд хохирол учруулсан байна. Мөн Гватемал хотод иргэд тайван жагсаж, шатахууны үнийн өсөлтийг бууруулахын тулд засгийн газрыг яаралтай арга хэмжээ авахыг шаарджээ.

Иргэдийн бухимдлыг бууруулахын тулд тус улсын Конгресс шатахууны үнийг оны эцэс хүртэл тодорхой хэмжээнээс хэтрүүлэхгүй байх тухай хуулийн төсөл хэлэлцэж байна.

Уг төсөл батлагдвал шатахууны үнэ тогтоосон дээд хэмжээнээс давсан тохиолдолд засгийн газар импортлогчдод татаас олгох юм. Гватемалын Конгрессын дарга Луис Контрерас Колиндрес “Энэ асуудлыг улс орон даяар хамтран шийдвэрлэх ёстой. Иргэд ийм өндөр үнийг төлөх боломжгүй бөгөөд энэ нь тэдний санхүүгийн байдалд шууд нөлөөлж байна” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн “Дизель түлш бол манай улсын эдийн засгийг хөдөлгөдөг гол хүчин зүйл” хэмээн онцолсон байна.

ПОРТУГАЛ

Португалын эргийн Эшпинью хотод Бямба гаригт шатахууны үнэ болон амьдралын өртөг нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жагсаал болжээ. Жагсаалыг орон нутгийн бизнес эрхлэгчид зохион байгуулсан бөгөөд 80 орчим хүн оролцсон байна. Тэд засгийн газраас шатахууны үнэ болон амьдралын өртгийг бууруулах арга хэмжээ авахыг шаардан жагссаар ерөнхий сайд Луиш Монтенегрогийн Эшпинью хот дахь гэрийн ойролцоо хүрчээ.

Үүний зэрэгцээ Португалын Гал сөнөөгчдийн лиг шатахууны үнийн өсөлт гал унтраах, аврах байгууллагуудын зардлыг хэт нэмэгдүүлж, сайн дурын байгууллагуудад санхүүгийн дарамт учруулж байгааг анхааруулжээ. Португалын засгийн газар Даваа гаригт шатахууны үнийн дарамтыг бууруулах шинэ арга хэмжээ авахаа зарласан байна. Үүнд ачаа тээврийн компаниуд, такси үйлчилгээ эрхлэгчид, гал унтраах алба болон нийгмийн салбарт дэмжлэг үзүүлэх багтжээ.

ФРАНЦ

Францын өмнөд хэсгийн эргийн Фос-сюр-Мер хотод Мягмар гаригт 50 орчим загасчин шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж, томоохон шатахуун хадгалах баазын үйл ажиллагааг хаажээ. Тэд хэдэн цагийн турш тус байгууламжийн үйл ажиллагааг саатуулсан бөгөөд цагдаагийн алба хаагчидтай богино хугацаанд мөргөлдсөн байна.

Хотын захирагч Филипп Моризо загас агнуурын салбар “ноцтой хямралд” орж, засгийн газраас яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болсон гэж мэдэгджээ.

Тэрбээр Францын ерөнхий сайдад илгээсэн захидалдаа шатахууны үнэ болон бусад зардал нэмэгдэж, салбарын ажилтнуудад тавигдах шаардлага олширсон ч орлого хангалтгүй байгаа нь загасчдыг хүнд нөхцөлд оруулж байгааг онцолсон байна.

ФИЛИППИН

Тус улсын тээврийн салбарын Манибела байгууллагын ажилчид Даваа гаригт шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн ажил хаялт зарлажээ. Тэд засгийн газраас тээврийн салбарт татаас олгох, шатахуунд ногдуулдаг татварыг цуцлахыг шаардсан байна.

Үүний зэрэгцээ Филиппиний шатахуун импортлогч, борлуулагч компаниуд Мягмар гаригаас эхлэн үнээ дахин нэмсэн байна. Үүний улмаас бензиний үнэ литр тутамд 5.68 песогоор өсжээ. Дизель түлш болон керосины үнэ мөн нэмэгдсэн байна.

Филиппиний эрчим хүчний сайд Шэрон Гарин шатахууны үнийн өсөлт зөвхөн автомашинаа цэнэглэх зардлыг нэмэгдүүлээд зогсохгүй өрхийн өдөр тутмын төсөв, жолооч нарын орлого болон бизнесийн үйл ажиллагааны зардалд шууд нөлөөлж байгааг хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн