“Volkswagen” 100 мянган ажлын байраа цомхотгоно

Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани зардлаа бууруулж, үйл ажиллагаагаа шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд дахин 50 мянган ажлын байр цомхотгох төлөвлөгөө баталжээ. Ингэснээр тус компани 2030 он гэхэд нийт 100 мянган ажлын байр хасахаар болж байна.

“Volkswagen” групп энэ оны гуравдугаар сард 2030 он гэхэд 50 мянган ажлын байр цомхотгоно гэж мэдэгдэж байсан. Дараа нь компанийн гүйцэтгэх захирал Оливер Блуме нэмэлтээр ажлын байр цомхотгох шаардлагатай байгааг долдугаар сард онцолж байв.

Тус группт “Volkswagen” брэндээс гадна “Audi”, “Porsche”, “Škoda”, “SEAT”, “Bentley”, “Lamborghini” зэрэг автомашины брэнд багтдаг. 2025 оны байдлаар дэлхий даяар 660 мянга гаруй ажилтантай байжээ.

Компанийн ашиг сүүлийн жилүүдэд эрс буурсан байна. Ялангуяа “Volkswagen”-ийн томоохон зах зээлүүдийн нэг байсан Хятад дахь борлуулалт буурсан. Мөн тус улсын автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ширүүссэн нь компанийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлжээ.

Түүнчлэн АНУ дахь борлуулалт буурсан бөгөөд үүнд ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас импортын автомашинд ногдуулсан татвар тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна.

“Volkswagen” цаашид эрэлт ихтэй, ашигтай загваруудад түлхүү анхаарч, ццөн загварын автомашины үйлдвэрлэх тоог нэмэгдүүлэх замаар зардлаа бууруулах төлөвлөгөө гаргажээ.

Энэ хүрээнд Германы Эмден, Цвиккау, Ханновер, Неккарзульм дахь үйлдвэрүүдийг цаашид ажиллуулах эсэхийг хэлэлцэж байна. Эдгээр үйлдвэрт үйлдвэрлэлийн хүчин чадал нь одоогийн эрэлтээс давсан. Улмаар өөр зориулалтаар ашиглах боломжийг судалж байгаа аж.

“Volkswagen”-ийн мэдээлснээр дэлхийн хэмжээнд ажиллах хүчний бүтэц, тоог үндсээр нь өөрчлөх шаардлагатай болсон. Үүний хүрээнд удирдах албан тушаалуудыг багтаасан 50 мянга орчим ажлын байр цомхотгоно. Энэ нь “Volkswagen”-ийн бараг 90 жилийн түүхэн дэх хамгийн том бүтцийн өөрчлөлт болж байна.

Компанийн хямралд Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн нэмэгдсэн нь голлон нөлөөлж байна. “BYD” зэрэг Хятадын компаниуд үйлдвэрлэлийн бага зардал, шинэ технологийн ачаар Европ, Их Британи, Зүүн өмнөд Азийн зах зээлд борлуулалтаа эрчимтэй нэмэгдүүлж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн