DW/. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ФИФА/ Израилын хөл бөмбөгийн холбоонд 150 мянган швейцар франкийн /164 300 евро/ торгууль ногдуулсан байна. Израилын хөл бөмбөгийн холбоо ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан талаар 2024 оны 10 дугаар сард Палестины хөл бөмбөгийн холбооноос ФИФА-д гомдол гаргасны дагуу уг арга хэмжээг авчээ.
“Израилын хөл бөмбөгийн холбоо /IFA/ нь хүлээсэн үүргээ олон удаа зөрчиж, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан Иерусалимын “Бейтар” клубт арга хэмжээ аваагүй” гэж ФИФА-гийн Сахилга батын хороо дүгнэсэн байна.
Энэхүү шийдвэрийн дагуу IFA торгууль төлөхөөс гадна улс орны дотоодод болох гурван тоглолтын үеэр “Хөл бөмбөг дэлхийг нэгтгэнэ – Ялгаварлан гадуурхалтад үгүй гэж хэлье” гэсэн бичигтэй том хэмжээний зурагт хуудсыг байрлуулах ёстой. IFA уг шийдвэрийн талаар ФИФА-гийн Давж заалдах комисст хандах эрхтэй гэдгийг мэдээлэлд дурдсан байна.
Үүний сацуу IFA-гийн гишүүн клубүүдийг тэмцээнд оролцуулах байхыг шаардсан Палестины хөл бөмбөгийн холбооны шаардлагыг биелүүлэхээс ФИФА татгалзжээ. Түүнээс гадна “Баруун эргийн эрхзүйн байдал эцэслэн тодорхой болоогүй байгаа атал Иордан голын Баруун эрэг дэх Израилын клубүүд Израилын лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна” гэж IFA-г буруутгасны дагуу хийсэн шалгалтын дүнг хэлэлцээд тус холбооны эсрэг арга хэмжээ авахгүй байхаар шийдвэрлэсэн байна.