ВИРЖИНИ, 2026 оны зургаадугаар сарын 17 /The Diplomat/. Зүүн хойд Азийн геополитикийн орчин хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Украин дахь Оросын дайн Умар; Солонгост олон улсын тавцанд дахин идэвхтэй оролцох боломжийг бий болгосон бол Орос, Хятадын саяхан гаргасан хамтарсан тунхаглал бүс нутгийн хамтын ажиллагааны илүү гүнзгий механизмууд өрнөж буйг дэлхийн бусад тоглогчдод харууллаа.
Геополитикийн орчин хувьсан өөрчлөгдөж буй энэ үед Монгол Улс ч мөн түншлэлийн хүрээгээ төрөлжүүлж, эдийн засгийн шинэ боломжуудыг өргөжүүлэх сонголтуудтай болж байна.
Дэлхийн II дайн дууссанаас хойш Монгол Улс нь дэлхий дахины болон бүс нутгийн мөргөлдөөнийг шийдвэрлэх, энхийн яриа хэлэлцээг дэмжих үйлсэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Ялангуяа8 Зүүн хойд Азийн хувьд Монгол Улс нь дипломат арга замын дуу хоолой болж, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах, Солонгосын хойгийг нэгтгэх, бүс нутгийн хамтын ажиллагааны бат бөх тогтолцоог бий болгох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хатуу хүчнээс илүүтэй зөөлөн хүчний бодлогыг эрхэмлэсээр ирсэн.
Дипломат хүчин чармайлтынхаа хүрээнд Сөүл, Пёньян хоёрын аль алинтай нь түүхэн бат бөх хэлхээ холбоогоо хадгалж чадсанаар Улаанбаатар нь хоёр улсын дипломат харилцаа, соёлын хамтын ажиллагааны гүүр болж чадсан билээ.
Стратегийн хувьд эдгээр харилцаагаа бэхжүүлснээр Монгол Улс нь далайд гарцгүй орны хувьд тулгардаг эдийн засгийн эрсдэл, эмзэг байдлыг багасгахыг зорьж байна. Шинээр бүрэлдэн тогтож буй геополитикийн орчинд тус улс эдийн засгийн түншүүдээ төрөлжүүлэх боломжтой болж магадгүй юм.
Монгол Улс, БНАСАУ-ын түүхэн дипломат харилцааг харгалзан үзвэл өдгөө ч хамтын ажиллагааны бэлэн механизм, төслүүд бий. Тухайлбал, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Пёньян хотод түүхэн айлчлал хийх үеэр хоёр улс эдийн засгийн багц хэлэлцээрт гарын үсэг зурсанд БНАСАУ-ын Ражин боомтыг ашиглах асуудал багтсан байдаг.
Расон эдийн засгийн тусгай бүсэд байрлах Ражин боомт нь Монгол Улсын далайд гарцгүй оронд тулгардаг саад бэрхшээлийг даван туулах гарц болж, далайн боомт руу хүрэх боломжийг нээх стратегийн чухал ач холбогдолтой. Энэхүү боомтыг ашигласнаар Монгол Улс далайн гарцаа төрөлжүүлж, Хятадын Тяньжин боомтоос хамааралт байдлаа багасгах боломжтой.
Үүгээр зогсохгүй Монгол Улсад БНАСАУ руу нүүрс экспортлох боломж бий. Геополитикийн өнөөгийн нөхцөл байдалд Орос, Хятад хоёр улс хоёулаа БНАСАУ-тай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж буй энэ үед Монгол Улсын эзлэх байр суурь ч мөн адил чухал ач холбогдолтой болж байна.
Ражин боомтыг ашиглах асуудлыг 1990-ээд онд НҮБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж ирсэн “Их Түмэн санаачилга”-ын хүрээнд хэлэлцэж эхэлсэн бөгөөд удирдагчид солигдож ирсэн хэдий ч энэхүү төсөл Монгол Улс, БНАСАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал тулгуур хэвээр байсаар иржээ.
Энэ сарын 5-нд болсон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний үеэр БНСУ-ын Улс орноо нэгтгэх асуудал эрхэлсэн сайд Жонг Дун Ён “Солонгосын хойгт энх тайвнаар зэрэгцэн орших зам ба Зүүн хойд Азийн хамтын хөгжил цэцэглэлт” сэдвээр тусгай илтгэл тавив. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж, Солонгосын хойгт энх тайвныг тогтоох үйл хэрэгт Монгол Улс дэмжлэг үзүүлэхийг уриалсан юм.
Түүнчлэн Зүүн хойд Азийн геополитикийн өөрчлөгдөж буй орчинд БНАСАУ-ыг татан оролцуулах үүднээс аюулгүй байдлын яриа хэлэлцээ болон Түмэн голын сав газрын хөгжлийн төсөлд Пёньяныг идэвхтэй оролцохыг тэрбээр уриаллаа.
Түмэн голын сав газрыг хөгжүүлэх төсөл нь үндсэндээ Хойд мөсөн далайн тээврийн чиглэлд бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Сөүл, Бээжинг холбох өндөр хурдны төмөр зам, мөн Сибирийг дамнасан төмөр зам, Хятадыг дамнасан төмөр зам, Монголыг дамнасан төмөр замын сүлжээнүүдийг уялдуулан бүс нутгийн холболтыг хөгжүүлэх зорилготой.
Эдгээр санаачилга нь Зүүн хойд Ази дахь геополитикийн шилжилт хийгээд бүс нутгийн тоглогчдын хувьд дипломат харилцааны шинэ суваг, эдийн засгийн хамтын ажиллагааг бий болгох түншлэлүүд бий болж буйг онцолж байна. БНАСАУ нь цөмийн зэвсэг болон засаглалтай нь холбоотой сунжирсан маргаан үргэлжилж байгаа хэдий ч Орос, Хятад, түүнчлэн Зүүн өмнөд Ази болон Зүүн Европын тоглогчдын дэмжлэгтэйгээр “хэвийн улс орны хувиар” үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахыг зорьсоор байх болно.
Үүнээс гадна, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний саяхан Пёньянд хийсэн төрийн айлчлал нь бүс нутгийн хамтын ажиллагаа, механизмууд гүнзгийрэн сайжирч буйн бас нэгэн илрэл болов. Тавдугаар сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д төрийн айлчлал хийсэн нь Москва, Бээжингийн харилцаа бат бөх хэвээр байгааг, цаашид ч үргэлжлэх болно гэдгийг дэлхий нийтэд батлан харуулах зорилготой байв.
Орос-Хятадын хамтарсан тунхаглалд Дэлхийн II дайны дараах олон улсын дэг журамд гарч буй шилжилт, өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрсний зэрэгцээ, Москва, Бээжин хоёр тодорхой зарчмуудыг баримтлахын сацуу шинэ түншлэлийг эрэлхийлж, дэлхий дахинтай хамтран ажиллах болно гэдгийг цохон тэмдэглэжээ.
Монгол Улсын стратегийн ашиг сонирхол, бүс нутгийн холболтыг өргөжүүлэх, боломжуудаа төрөлжүүлэх хүчин чармайлттай уялдуулан авч үзвэл Москва-Улаанбаатар-Бээжингийн гурван талт механизмтай холбоотой өөр нэг томоохон төсөл бий. “Сибирийн хүч-2” бол Монголын хувьд алдаж боломгүй, хоёр хөрштэйгөө хамтран эхлүүлэхээр найдаж буй гурван талын томоохон төсөл билээ.
Украинд үргэлжилж буй дайн болон уг төслийг эцэслэн батлахад Хятадын тал эргэлзэж байгаатай холбоотойгоор “Сибирийн хүч-2” төслийн явц удаашралтай байна. Нөгөөтээгүүр, энэхүү төслийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын эдийн засаг болон бүс нутгийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилтод нийцэж байгаа хэдий ч, геополитикийн тогтворгүй байдлын ерөнхий төлөв байдлаас шалтгаалан Улаанбаатар ч мөн адил томоохон үүрэг амлалт руу яарахгүй байх магадлалтай.
Зүүн хойд Азийн геополитикийн үүднээс үзвэл, мэдэгдэхүйц өөрчлөлтүүд, шинэ боломжууд бий. Ялангуяа далайд гарцгүй, жижиг эдийн засагтай Монгол Улсын хувьд стратегийн тогтвортой байдал болон дипломат уян хатан байдал салшгүй уялдаатай.
Монгол Улс найдвартай түнш, оролцогч гэсэн байр сууриа хадгалсаар байгаа нь дипломат үйл явцад Улаанбаатарын давуу тал болж байгаа боловч шинэ боломжууд гарч ирж буй энэ үед стратегийн хувьд илүү бодлоготой хандах шаардлага тулгарч байна.
“Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл болон БНАСАУ-ын Ражин боомтыг ашиглах асуудал нь хоёулаа Монгол Улсын эдийн засгийн зорилтуудад хүрэх чухал гарц мөн хэдий ч эдгээр нь цаг хугацаа шаардахын зэрэгцээ ОХУ, БНХАУ, БНАСАУ төдийгүй АНУ, БНСУ зэрэг орнуудын олон улсын харилцаа, цаашлаад шинээр бүрэлдэн тогтож буй геополитикийн нөхцөл байдлыг олон улсын хамтын нийгэмлэг хэрхэн хүлээн авах зэрэг маш олон хүчин зүйлээс шалтгаалах төлөвтэй байна.
Л.Болор (Монгол, Хятад, Орос, Япон, Зүүн Ази, Америк чиглэлээр мэргэшсэн судлаач)
(Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд 2026 оны зургаадугаар сарын 10-нд нийтлэгдсэн болно)