Орос даяар ШТС-ууд бензинээ хязгаартай олгож эхэлжээ

ОХУ-ын хамгийн том газрын тосны компаниудын нэг “Tatneft” зургадугаар сарын 16-наас эхлэн орон даяарх шатахуун түгээх станцууддаа худалдан авалтын хязгаарлалт тогтоолоо. Тус компани хэд хоногийн өмнө зөвхөн Москва, Санкт Петербургт ийм арга хэмжээ хэрэгжүүлээд байсан ч эцэст нь ийнхүү орон даяар өргөжүүлж байна. Хязгаарлалтын хүрээнд суудлын автомашинд нэг удаадаа 30 литр бензин, 60 литр дизель түлш олгоно. Харин ачааны машинд нэг удаадаа 300 литрээс хэтрэхгүй хэмжээний дизель түлш олгох аж.

Зарим шатахуун түгээх станц банкны картаар үйлчлэхгүй, зөвхөн бэлэн мөнгө л шаардаж байна.

Оросын хэвлэлд хэд хоногийн өмнө мэдээлснээр, “Tatneft”-ийн Москва, Санкт Петербург дахь зарим шатахуун түгээх станц Аи-92, Аи-95 түлшийг 20 литр, дизель түлшийг 40 литрээр л хязгаарлаж байжээ. “Tatneft” компани энэ арга хэмжээгээ түр зуурынх гэж мэдэгдэж байгаа бөгөөд өөр илүү дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.

Зөвхөн “Tatneft”-ээр хязгаарлагдахгүй Оросын газрын тосны бусад компани ч ижил арга хэмжээ авч байна. Тухайлбал, “Rosneft” компани нэг удаагийн олголтоо 90 литрээр, “Lukoil” 100 литрээр хязгаарлажээ.

Украины арми Оросын ложистикийн дэд бүтцэд цохилт өгсөн тул шатахууны хомсдол Крымд ч бас үүсээд байгаа аж.

“Энэ байдалд зөвхөн Кремль буруутай юм биш, Путиныг орой дээрээ залсаар байгаа ард түмэн ч буруутай” гэж Украины Худал мэдээлэлтэй тэмцэх төвийн тэргүүн Андрей Коваленко хэлжээ. Тэрбээр “Путины болчимгүй үйлдлийн үр дүн нь Оросын хувьд ч, түүний хувьд ч ичгүүртэй хэрэг болж байна. Орос хүн бүрийн хувьд өнөөдрөөс эхлээд амьдралын чанар нь доройтож байна гэсэн үг, тэгэх ч учиртай юм” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: Kyiv Post

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн