Германд 48 цагийн дотор гурав дахь удаагаа халууны дээд үзүүлэлт шинэчлэгджээ

БЕРЛИН, 2026 оны зургаадугаар сарын 29 /DW/. Германд сүүлийн 48 цагийн хугацаанд агаарын температурын дээд үзүүлэлт гурав дахь удаагаа шинэчлэгджээ. Тус улсын зүүн нутгийн Бранденбург мужийн Найсемюнде хотод ням гарагт орон нутгийн цагаар 16:00 цагийн орчимд термометрийн заалт 41.7 хэмд хүрсэн тухай Германы цаг уурын алба (DWD) мэдээлсэн байна. 

Үүнээс ердөө нэг өдрийн өмнө Саксони-Анхальт мужийн Древиц тосгон дахь хэмжилтийн станцад 41.5 хэм бүртгэгдсэн байна. Харин зургаадугаар сарын 26-ны 17:00 цагт Германы баруун өмнөд нутгийн Саар мужид агаарын температур 41.3 хэм хүрч халжээ. Эдгээр хоёр үзүүлэлт хоёул шинэ дээд үзүүлэлт болж бүртгэгдсэн байна. 

Зургаадугаар сарын 28-ны өдөр мөн шөнийн хамгийн бага температур бүртгэгджээ. Саксони мужийн Кубшюц суурин дахь хэмжилтийн төхөөрөмжүүд 29.4 хэмийг заасан нь цаг уурын ажиглалт хийж эхэлсэн үеийнхээс хойших хамгийн баг температур болсон байна. Өмнөх хамгийн бага температур (27.2°C) 2003 оны наймдугаар сард Райнланд-Пфальц мужид бүртгэгдэж байжээ.

Германы цаг уурын албанаас эдгээр нь урьдчилсан мэдээ бөгөөд хэмжилтийн чанарын хяналтыг хараахан хийгээгүй байгааг онцолж байна. Албан ёсны баталгаажуулсан мэдээллийг зургаадугаар сарын 29-нөөс нааш танилцуулахгүй аж. Энэ өдрөөс эхлэн аянга цахилгаантай бороо орж, аагим халууны эрч суларч эхлэх төлөвтэй байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн