Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар есдүгээр сарын 25-нд гал түймрийн улсын хяналтын байцаагчдад зориулсан цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтад Зүүн, Говь, Хангай, Баруун, Хойд болон Төвийн бүсийн орон нутгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, байцаагчид хамрагдсан байна.
Оролцогчдод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд явуулах, шинээр батлагдсан хууль, дүрэм, журам, заавар болон стандартыг хэрэглэх талаар мэдээлэл өгчээ.
Сургалтын хөтөлбөрт зөрчлийн хэрэг, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх материал, зөрчлийн мэдээллийн нэгдсэн сан, гал түймрийн шалтгаан тогтоох болон дээж авах аргачлал багтсан байна. Мөн цахилгаан байгууламжийн дүрэм, орон сууц болон шатахуун түгээх станцын зураг төсөлд хяналтын дүгнэлт гаргах, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах зөвлөмж өгөх асуудлыг хэлэлцжээ.
Арга хэмжээ нь 2026 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд байцаагчдын мэдлэг, ажлын уялдаа болон хяналтын практикийг шинэчлэхэд чиглэсэн гэж Онцгой байдлын байгууллага мэдээлэв.
