Дүнжингарав худалдааны төвийн уулзварт болсон дэлбэрэлттэй холбоотой эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2026 оны есдүгээр сарын 25-нд хийхээр товлосныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх мэдээлжээ.
Олон оролцогчтой тул хэлэлцүүлгийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах Жанжин клубын байранд явуулахаар болсон байна. Хэргийг прокурорт буцаан нэмэлт мөрдөн шалгасны дараа “Дашваанжил” ХХК-ийн жолооч Ч.Ренцэндоржид холбогдох хэсгийг шүүхэд шилжүүлжээ.
Прокурор түүнд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах, мөн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. “Дашваанжил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав нас барсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Осол 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан автомашин суудлын машинтай мөргөлдсөний дараа болсон. Ослын улмаас Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч болон дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүн хөнгөн гэмтсэн байна. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, иргэн, байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан гэж мөрдөн шалгах байгууллага тогтоожээ.
Урьдчилсан хэлэлцүүлэг нь шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг эцэслэн шийдэх шүүх хурал биш юм.
