Монгол Улсын Засгийн газар сум, тосгонд анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх “Гэрт ойрхон эмч, ойрхон эм” бодлогыг хэрэгжүүлэхээр болжээ.

Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор болсон “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түлхүүр — Сумын эрүүл мэндийн төв” үндэсний чуулганд сум, тосгоны эмч, мэргэжилтнүүд оролцов. Улсын хэмжээнд сумын эрүүл мэндийн 307 төв, сумын зургаан нэгдсэн эмнэлэгт 8560 эмч, мэргэжилтэн ажиллаж байна.

Чуулганаар анхан шатны тусламж үйлчилгээний бодлого, чанар, орон нутагт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар болон тогтвортой ажиллах нөхцөлийг хэлэлцлээ.

Ерөнхий сайд Н.Учрал сумын эрүүл мэндийн төвийг бэхжүүлэх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх болон эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлэхэд чухал гэж мэдэгдэв.

Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын анхан шатны бүртгэлийн 274 маягтыг 163 болгож цөөлсөн бөгөөд нийт маягтын тоог 40 хувиар бууруулахаар ажиллаж байгаа аж. Ингэснээр эмч, мэргэжилтнүүдийн бичиг цаасны ачааллыг багасгахаар зорьжээ.

Орон нутагт эмч, сувилагчийг тогтвортой ажиллуулахын тулд цалин, нийгмийн баталгаа, ажлын орчин болон мэргэжлийн хөгжлийг цогцоор нь дэмжих шаардлагатайг Ерөнхий сайд онцолсон байна.

“Гэрт ойрхон эмч, ойрхон эм” бодлого нь иргэдийн цаг, зардлыг хэмнэж, лавлагаа шатлалын эмнэлгийн ачаалал, дарааллыг бууруулах зорилготой гэж Засгийн газар мэдээлэв. Мөн хүүхдийн эрт илрүүлэг, эмчилгээ, эрүүл амьдрах дадлыг дэмжих ажилд сумын эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, эцэг эх болон орон нутгийн удирдлагыг хамруулахаар төлөвлөжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн