Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д оролцож, Монгол Улсад айлчилж буй Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц (Рамсарын конвенц)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга др. Мусонда Мумбаг өнөөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улс, Рамсарын конвенцын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ус, намгархаг газрын хамгаалал, нөхөн сэргээлтийг газрын доройтол, ган гачиг, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлоготой уялдуулах, түүнчлэн олон талт байгаль орчны гэрээ, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийн уялдааг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг UNCCD COP17-ын үеэр Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж буй нь онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, цөлжилт, газрын доройтол, ган, усны хомсдолын харилцан уялдааг харгалзан ус, намгархаг газрын хамгаалал, зохистой ашиглалтыг тогтвортой хөгжлийн бодлоготой нягт уялдуулах шаардлагатайг онцлов.
Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга др. Мусонда Мумба Монгол Улс UNCCD COP17 хурлыг зохион байгуулж, газар, ус, уур амьсгал, биологийн олон янз байдлын харилцан уялдаа, харилцан хамаарлыг олон улсын хэлэлцүүлгийн анхаарлын төвд авч үзэж буйг өндрөөр үнэлж, эдгээр асуудлыг уялдаа холбоотойгоор шийдвэрлэх нь экосистемийн тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.
Монгол Улс 1998 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Рамсарын конвенцод нэгдэн орсон. Манай улсын нутаг дэвсгэрийн 1,439,530 га талбайг хамарсан олон улсын ач холбогдол бүхий 11 ус, намгархаг газрыг Рамсарын жагсаалтад бүртгэсэн байдаг юм.