Үндэсний мэдээллийн агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.
Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.09.07-2026.09.13)
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 6.81 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 13.7 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Хаан банк ХК, Эм Жи Эл Акуа ХК, Таван толгой ХК, АПУ ХК болон Фьючер Тек Инновэйшн Хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сан хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. Тус хугацаанд нийт 1 удаагийн багцын арилжаа хийгдсэн байна. Тухайлбал:
- Эм Жи Эл Акуа ХК (MGLA) – 4.5 сая ширхэг үнэт цаасыг нэгжийн 276.18 үнээр, нийт 1.2 тэрбум төгрөгөөр арилжаалагджээ.
Өнгөрсөн долоо хоногт зах зээлийн ерөнхий төлөв сул байсан бөгөөд ТОП-20 болон FTI индексүүдийн бууралт давамгайлсан байна. Харин MSE A индекс бага хэмжээгээр өсөж, зах зээлийн тодорхой хэсэгт эерэг хандлага ажиглагдлаа. FTI индексийн 1.23%-ийн уналт нь жижиг болон дунд үнэлгээтэй хувьцаануудын гүйцэтгэл харьцангуй сул байсныг харуулж байна. Иймд зах зээлийн нийт хандлага бага зэрэг сөрөг байсан ч зарим салбар, хувьцаанд өсөлтийн боломж хадгалагдсан хэвээр байлаа. Нийт дүнгээр зах зээл бага зэрэг сөрөг төлөвтэй байсан хэдий ч томоохон, санхүүгийн үзүүлэлт сайн компаниудад хөрөнгө оруулагчдын сонирхол хадгалагдсан хэвээр байна.
АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ГАДААД ӨР 3 ЖИЛД 2.6 ДАХИН ӨСӨЖ, 4.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ
Монгол Улсын арилжааны банкуудын гадаад өр 2026 оны II улирлын эцэст 4.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллар буюу 41.2 хувиар өссөн байна. Ингэснээр 2023 оны II улиралтай харьцуулахад банкны гадаад өр 2.6 дахин нэмэгдэж, нийт гадаад өрийн 11.4 хувийг бүрдүүлэх болжээ.
Нийт гадаад өрийн бүтцээр шууд хөрөнгө оруулалт болон компани хоорондын зээллэг 17.6 тэрбум ам.доллар буюу 45.0 хувь, Засгийн газар 8.4 тэрбум ам.доллар буюу 21.5 хувь, бусад салбар 7.6 тэрбум ам.доллар буюу 19.3 хувь, арилжааны банкууд 4.4 тэрбум ам.доллар буюу 11.4 хувийг тус тус эзэлж байна. Харин банкуудын өр 41.2 хувиар өсөх үед Засгийн газрын гадаад өр 3.2 хувь, шууд хөрөнгө оруулалт болон компани хоорондын зээллэг 1.9 хувь, Монголбанкны гадаад өр 29.5 хувиар буурсан байна.
Банкны гадаад санхүүжилт нэмэгдэх нь зээлийн эх үүсвэрийг төрөлжүүлэх боломж олгодог боловч валютын ханш, гадаад санхүүжилтийн өртөг болон дахин санхүүжилтийн эрсдэлийг давхар нэмэгдүүлдэг. Тиймээс цаашид өрийн хэмжээнээс гадна уг эх үүсвэрийг ямар төрлийн зээл, хөрөнгө оруулалтад ашиглаж байгаа болон банкуудын валютын эрсдэлийн удирдлага хэр тогтвортой байгаад анхаарах шаардлагатай байна.
Үүний зэрэгцээ Засгийн газрын дотоод өр 60.2 хувиар өсөж, 2.0 их наяд төгрөгт хүрсэн нь төрийн санхүүжилтэд дотоодын эх үүсвэрийн хэрэглээ нэмэгдэж байгааг харуулж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ӨСӨЖ, 3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН КОМПАНИЙН ТОО ХОЁР БОЛЛОО
Монголын хөрөнгийн биржийн хувьцааны зах зээлд томоохон компаниудын үнэлгээ өсөж, 3 их наяд төгрөгөөс дээш зах зээлийн үнэлгээтэй компанийн тоо хоёр боллоо. Таван толгой ХК (TTL)-ийн хувьцааны үнэ нэг долоо хоногт 37.7 хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 3.2 их наяд төгрөгт хүрч, богино хугацаанд Хаан Банк ХК (KHAN)-ийг даван биржийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болсон байна. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар TTL-ийн хувьцааны үнэ 5.4 хувиар буурсан бол KHAN-ийнх 2.6 хувиар өсөж, Хаан Банк зах зээлийн үнэлгээгээр дахин тэргүүлжээ.
Зах зээлийн үнэлгээний бүтцээр 1 их наяд төгрөгөөс дээш үнэлгээтэй таван компанийн гурав нь банкны салбарын компани байгаа нь банк болон уул уурхайн салбар Монголын хувьцааны зах зээлийн гол хөдөлгөгч хэвээр байгааг харуулж байна. Үүний зэрэгцээ 3 их наяд төгрөгийн босгыг давсан компаниуд бий болсон ч 2 их наяд төгрөгийн орчимд үнэлгээтэй компани байхгүй байгаа нь томоохон компаниудын хооронд үнэлгээний тодорхой зөрүү байгааг харуулж байна.
Монголын хөрөнгийн биржийн мэдээллээр 9 дүгээр сарын 7-11-нд нийт 872.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Үүнээс 699.4 тэрбум төгрөгийг нүүрсний, 9.2 тэрбум төгрөгийг төмрийн, 56.8 тэрбум төгрөгийг молибдены баяжмалын арилжаа тус тус бүрдүүлсэн бол үлдсэн 106.8 тэрбум төгрөг нь үнэт цаасны арилжаанд ногджээ. Энэ нь зөвхөн хувьцааны зах зээл төдийгүй уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа биржийн нийт идэвхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг илтгэж байна.
ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 57.2 ХУВИАР ӨСЧЭЭ
Монгол Улсын экспорт 2026 оны эхний 8 сарын байдлаар 14.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.2 тэрбум ам.доллар буюу 57.2 хувиар өссөн байна. Үүний үр дүнд гадаад худалдааны тэнцэл 6.0 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 3.6 дахин нэмэгджээ.
Экспортын өсөлтийг уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлт голлон дэмжсэн бөгөөд зэсийн хүдэр, баяжмалын экспорт 2.8 тэрбум ам.доллар, нүүрсний экспорт 1.9 тэрбум ам.доллароор тус тус өссөн байна. Мөн боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспорт 255.6 сая ам.доллар, самнасан ноолуурын экспорт 97.1 сая ам.доллароор нэмэгдсэн нь экспортын орлогыг өсгөхөд чухал нөлөө үзүүлжээ.
Нийт экспортын бүтцийг авч үзвэл зэсийн хүдэр, баяжмал 43.7 хувь, чулуун нүүрс 37.0 хувийг эзэлж байгаа бөгөөд эдгээр хоёр бүтээгдэхүүн нийлээд нийт экспортын 80 гаруй хувийг бүрдүүлж байна. Харин алтны экспортын эзлэх хувь 5.6 хувьд хүрчээ.
Экспортын гол зах зээл хэвээр байгаа БНХАУ руу 13.3 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн нь нийт экспортын 92.7 хувийг бүрдүүлсэн байна. БНХАУ-д экспортолсон бүтээгдэхүүний 47.1 хувийг зэсийн хүдэр, баяжмал, 40.7 хувийг нүүрс эзэлжээ.
Эдгээр үзүүлэлтээс харахад 2026 оны эхний найман сард Монгол Улсын экспортын өсөлтөд зэсийн хүдэр, баяжмал болон нүүрсний экспортын хэмжээ, үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлж, уул уурхайн салбар экспортын орлогын үндсэн эх үүсвэр хэвээр байна.
