ОСЛО, 2026 оны есдүгээр сарын 10 /NRK/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн сууж явсан онгоц Молдовагаас Норвеги руу нисэх үеэрээ дронтой мөргөлдөх шахсан тухай Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре есдүгээр сарын 9-ний лхагва гарагт телевиз радиогийн NRK компанийн нэвтрүүлгийн үеэр мэдэгджээ.

“Түүний сууж явсан онгоц Молдовагаас хөөрөх үедээ дронтой мөргөлдөх шахсан. Энэ бол түүнд өдөр бүр тулгарч буй бодит нөхцөл байдал” гэж Стёре хэлжээ. Гэхдээ тэрбээр энэ мэдээллийг хаанаас авснаа тодорхой хэлээгүй байна. Түүний хэлнээс үзэхэд энэ нь санамсаргүй хэрэг үү, эсвэл В.Зеленскийн амь насанд санаатайгаар халдах оролдлого байсан уу гэдэг нь тодорхойгүй байна.

Норвегийн Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газар Стёрегийн мэдэгдэлд тайлбар хийхдээ “Өчигдөр Молдова улсын агаарын орон зайд дроны аюул үүссэний улмаас Ослог зорьж явсан Зеленскийн нислэг саатсан. Ийм аюул занал түүнд өдөр бүр тулгардаг. Дронууд түүний онгоцонд хэр ойртсон нь тодорхойгүй байна” гэжээ.

Украины тал Стёрегийн мэдэгдэлд одоогоор тайлбар хийгээгүй байна. В.Зеленский Норвегийн Хаан V Харальдыг оршуулах ёслолд оролцохоор есдүгээр сарын 8-ны орой Молдовогаас Ослод хүрэлцэн ирсэн байна. Ёслолын дараа тэрбээр Норвегийн Ерөнхий сайдтай уулзжээ. Норвегийн засгийн газар тэдний хэлэлцээний талаар мэдээлэхдээ дронтой холбоотой үйл явдлын талаар дурдаагүй байна.

Молдовагийн цагдаа нар хөдөлгүүрээр тоноглогдсон нисгэгчгүй онгоц унасан байсныг илрүүлснээ есдүгээр сарын 9-нд мэдээлжээ. Уг дрон газар унах үедээ дэлбэрч, том хэмжээний хонхорхой үүсгэсэн байна. Дрон дотор төмөр бөмбөлгүүд байжээ. Хүний амь нас хохирч, бэртэж гэмтсэн тухай мэдээлээгүй байна.

Орон нутгийн цэргийн захиргаанаас мэдээлснээр, есдүгээр сарын 9-нд шилжих шөнө Оросын дронууд Молдоватай хил залгаа Одесса мужийн “Староказачье” авто замын олон улсын хилийн боомт руу халдсан байна. В.Зеленскийн нисэж ирсэн онгоц газардсан нисэх онгоцны буудал нь энэхүү хилийн боомтоос автомашинаар явахад ойролцоогоор хоёр цагийн зайтай оршдог байна. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн