Энэтхэгийн хөдөлмөрийн зах зээлийн зөрчил

Энэтхэгийн залуу үеийн бодит амьдрал бол бүхэлдээ зөрчилдөөн. Тэд элбэг дэлбэг сайхан амьдралыг хүсч, амлалтаар дүүрэн нийгэмд хөл алхах ч гэлээ боломж хомс, төөрөгдсөн өдөр хоногуудыг өнгөрөөж байна. Британийн эдийн засагч Жоан Робинсон нэгэнтээ “Энэтхэгт олон төрлийн л үнэн байдаг. Зарим нь зөрчилдөх нь ч бий” гэж хошигносон байдаг.

Азим Премжи их сургуулийн гаргасан сүүлийн тайланд Энэтхэгийн талаарх нэг том зөрчилтэй байдлыг харуулжээ. Тухайлбал, тус улсад 15–29 насны 367 сая хүн байдаг бөгөөд энэ нь дэлхийд хамгийн олон залуу хүн амтай улс гэдгийг илтгэж байна. Тэдний 263 сая нь сургуульд суралцдаггүй, өөрөөр хэлбэл шууд ажиллах боломжтой гэсэн үг. Энэ нь ихэвчлэн сайн үзүүлэлт гэж тооцогддог. Учир нь зүүн Азийн олон орон ийм их залуу ажиллах хүчний ачаар хурдан хөгжсөн. Гэвч асуудал бий. Энэтхэгт ажиллах хүчин олон байгаа нь эерэг зүйл. Тус улс сүүлийн 40 жилд боловсролын салбартаа ч ахиц гаргасан. Жишээлбэл ахлах сургууль болон их, дээд сургуульд суралцагчдын тоо өссөн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн боловсролын ялгаа багассан бөгөөд кастын ялгаа арилаагүй ч тодорхой хэмжээнд буурсан. Товчхондоо Энэтхэгт ажиллах боломжтой залуу үе олон болж, боловсролын түвшин ахисан ч цаана нь шийдэх ёстой асуудлууд байсаар байна.

Энэтхэгт 2007-2017 оны хооронд орлого бага өрхийн хүүхдүүдийн дээд боловсрол эзэмших хувь найман хувиас 17 хувь болтлоо өссөн. Энэ нь нэг талаараа өнөөдрийн нийгэмд боловсролтой, ямар ч мэдээллийг олж авах боломжтой шинэ үеийнхэн хөдөлмөрийн зах зээлд орж байгааг илтгэж байна. Залуус өмнөх үеийнхнээс илүү хурдан хөдөө аж ахуйгаас гарч, үйлдвэр болон үйлчилгээний салбарт ажил хайж байна. Цаасан дээр харахад энэ нь хүн амын давуу тал (demographic dividend) бүрдэж байгаа мэт санагдана. Тайланд дурдсанаар, “Өмнө нь хэзээ ч ийм олон энэтхэг залуус боловсролтой, мэдээлэлтэй байгаагүй” гэжээ. Гэхдээ муу мэдээ нь сургууль төгсөөд ажилд ороход хүндрэлтэй хэвээр байна. Тус улсад их сургууль төгсөгчдийн ажилгүйдлийн түвшин маш өндөр бөгөөд сүүлийн таван жилд инфляцтай өрсөлдөх хэмжээний цалинтай ажлын байр бий болоогүй л байна.

Тухайлбал, 15–25 насны төгсөгчдийн бараг 40 хувь нь ажилгүй, 25–29 насныхны 20 хувь нь ажилгүй.

Энэ нь бага боловсролтой, ажилгүй хүмүүсээс ч өндөр үзүүлэлт юм. Мөн Энэтхэгт их сургуулиа төгсөөд нэг жилийн дотор тогтвортой ажил олдог хүмүүс цөөн. Эдийн засагч Роза Абрахамын тайлбарлаж буйгаар, залуу үе өөрт нь илүү тохирсон, тааламжтай ажлын байрыг хүлээж, ажилгүй гэж бүртгүүлдэг гэв. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр буюу 20-иод насныхаа сүүл үедээ олонх нь ажилтай болдог байна. Өөрөөр хэлбэл, эхэндээ залуус сайн цалинтай, боломжийн ажиллах орчинтой ажилд орохыг хүсч байгаа нь одоо байгаа бодит ажлын байрны нөхцөлтэй зөрчилдөж байна. Харин дараа нь тэд бодит байдалтай эвлэрч, танил талаа нэмж, хувийн хэвшилд ажиллах боломжтой ажлыг сонгож, хийж эхэлдэг байна.

Энэтхэгийн хөдөлмөрийн зах зээлийн зөрчил

Гэвч энэ нь саяхнаас үүссэн асуудал биш. 1969 онд Британийн эдийн засагч Марк Блауг “The Causes of Graduate Unemployment in India” нэртэй ном хэвлүүлж, 1950-иад оноос хойш боловсрол болон ажлын байрны хоорондох зөрүүг тодорхойлсон. Үүнтэй адил 1983-2023 оны хооронд шинэ төгсөгчдийн ажилгүйдлийн түвшин 35-40 хувь орчимд өндөр хэвээр байв. Өөрчлөгдсөн зүйл бол цар хүрээ юм. Энэтхэгт одоо жил бүр таван сая орчим төгсөгч бэлтгэдэг. Гэхдээ 2004-2005 оноос хойш жилд ердөө 2.8 сая хүн ажилтай болсон боловч сайн цалинтай ажил олж буй нь бүр ч цөөхөн байжээ.

Ковидын дараах хоёр жилд Энэтхэгт 83 сая шинэ ажлын байр нэмэгдэж, нийт ажил эрхлэлт 490 саяас 572 сая болсон.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь өсөлт гарсан. Гэхдээ шинэ ажлын байрны бараг тал хувь нь хөдөө аж ахуйн салбарт байв. Энэ салбарт ихэвчлэн эмэгтэйчүүд ажиллаж байсан бөгөөд бүтээмж бага, урт цагаар үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл ажлын байр нэмэгдсэн ч хүмүүсийн амьдралыг сайжруулах хэмжээнд цалинтай ажил биш байжээ. Мөн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт нэмэгдэж байсан ч хоёр өөр дүр зураг ажиглагджээ. Нэг талдаа боловсролтой, ур чадвартай эмэгтэйчүүд нэмэгдэж, “IT”, автомашин үйлдвэрлэл, бизнес үйлчилгээ зэрэг салбарт цалинтай ажилд орж байна. Ялангуяа Тамил Наду болон Гужарат мужид энэ өөрчлөлт илүү их ажиглагдсан аж. Эсрэгээрээ илүү олон эмэгтэйчүүд хувиараа бизнес эхлүүлж эсвэл тогтмол цалингүй ч гар хоосон буцаахгүй ажил хийх болжээ.

Энэ нь ажлын байр нэмэгдсэн ч ихэнх нь чанар муутай, ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд сонголт биш, шаардлагаас үүдсэн ажил байв.

Энэтхэгийн хөдөлмөрийн зах зээлийн зөрчил

Гаднаас нь харахад бүх зүйл эерэг мэт. Боловсрол маш хурдтай тэлсэн, ялангуяа дээд боловсрол. 1991 онд 1,600 орчим байсан их, дээд сургууль өнөөдөр бараг 70 мянга болсон бөгөөд тэдний 80 орчим хувь нь хувийн хэвшлийнх аж. Ядуу өрхийн залуус ч боловсролд хамрагдах боломж илүү болсон байв. Гэвч энэ өсөлттэй хамт асуудлууд бий. Боловсролын чанар жигд биш, багшийн хүрэлцээ муу, инженер, эмч зэрэг мэргэжлийн сургалтууд өндөр өртөгтэй хэвээр байна. Мэргэжлийн сургалтууд нэмэгдсэн ч тогтвортой ажилд хүргэх нь сул. Мөн залуучуудын дунд санаа зовоох өөрчлөлтүүд ажиглагдаж байна. 2017 оноос хойш дээд боловсролд суралцаж буй залуу эрэгтэйчүүдийн хувь буурсан. Учир нь олон хүн гэр бүлээ тэжээхийн тулд ажил хийх шаардлагатай болж байна. Зарим нь гэр бүлийн аж ахуй, бизнест ажиллах болсон нь өмнө нь ихэвчлэн эмэгтэйчүүдийн хийдэг ажил байжээ.

Түүнчлэн гадаадад ажиллах нь амьдралаа залгуулах чухал арга болжээ. Ядуу мужуудаас илүү хөгжилтэй бүс нутаг руу залуус ажил хайж нүүдэллэж байна. Энэ нь ялгааг багасгах талтай ч боломжууд тэгш биш байгааг харуулж байна. Энэтхэгийн эдийн засгийн хөгжлийн загвар ч үүнд нөлөөлж байна. Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнууд үйлдвэржилтээр олон ажлын байр бий болгосон бол Энэтхэгийн өсөлт ихэвчлэн “IT” зэрэг өндөр ур чадвар шаардсан үйлчилгээний салбарт төвлөрсөн. Үүний үр дүнд хөдөлмөрийн зах зээл тэнцвэргүй болсон аж. Боловсролтой хүмүүст боломж илүү, харин бусдад хомс.

Энэтхэг одоогийн байдлаар хамгийн залуу хүн амтай улс хэвээр ч 2030 оноос хойш энэ давуу тал буурна. Иймээс гол асуудал нь зүгээр ажлын байр бий болгох биш, харин олноор, чанартай ажлын байр хурдан бий болгох явдал юм. Хиймэл оюун ухаан (AI) хөгжих нь анхан шатны ажлын байрыг багасгаж, нөхцөл байдлыг улам төвөгтэй болгож магадгүй. Эдийн засагчдын зөвлөж буйгаар Энэтхэгт илүү олон тогтвортой, цалинтай ажлын байр бий болгож, боловсролыг аж үйлдвэрлэлийн хэрэгцээтэй уялдуулан, сургууль төгсөөд ажилд орох нөхцөлийг сайжруулснаар нийт ажилгүйдлийн түвшин хурдацтай буурна гэв. Гэсэн хэдий ч нэг том асуулт үлдсэн хэвээр байна. Энэтхэг ямар эдийн засаг байгуулж байна вэ? Иргэдийнхээ өсөн нэмэгдэж буй хүсэл, мөрөөдлийг хангах эдийн засаг уу, эсвэл олон хүнийг тогтворгүй, хангалтгүй ажилд үлдээх систем үү?

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн