Улаанбаатар //. Монголын Анимейшн бүтээгчдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Анимо 2026” фестивалийг энэ жил 9 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү ажлын хүрээнд “Ани” холбооны ТУЗ-ийн дарга Г.Анхныбаяр, “Номад Тоус” студийн бүтээлч захирал Э.Түвшинтөр нар ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлантай уулзаж, наадмыг зохион байгуулах талаар танилцууллаа.
Уулзалтаар талууд монголын түүх, соёлын өвийг дижитал контентоор дамжуулан сурталчлах, музей, соёлын байгууллагуудын виртуал /VR/ болон дижитал үзэсгэлэнгийн контентыг баяжуулах, дижитал дүр бүтээлт /character design/, арт-той /art toy/ шийдлээр түүхэн өвийг таниулахад анимейшн бүтээгчдийн оролцооны тухай санал солилцов.
Сайд Ж.Алдаржавхлан уран бүтээлчдийн санаачилгыг дэмжихээ илэрхийлээд, фестивалийг цаашид жил бүр тодорхой сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулах, энэ жилийн наадмын үндсэн сэдвийг нарийвчлан тодорхойлж, 7 дугаар сард эргэн танилцуулах үүрэг өглөө.
ССАЖЗЯ нь “Ани” холбоо болон бусад студитэй хамтран 2023 оны “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Дэлхийн өвд бүртгэлтэй “Буган хөшөө”-г тоглоомын концепцоор загварчлах хакатон, 2024 онд салбарын уран бүтээлчдийг нэгтгэсэн “Анимо 2024” анхдугаар фестивалийг зохион байгуулжээ.
Энэ удаагийн “Анимо 2026” наадам нь дээрх үйл ажиллагааны үргэлжлэл бөгөөд монголын соёлын бүтээлч салбарын нөөц бололцоог дотоод, гадаадад таниулах зорилготой юм.

