Аялал жуулчлалын салбарын дижитал шилжилт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв

Улаанбаатар //. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг Азийн хөгжлийн банкны Төв болон Баруун Азийн газрын Бүсийн дарга Асад Алеем тэргүүтэй Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /CAREC/ хөтөлбөрийн төлөөлөгчидтэй уулзаж, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Асад Алеем аялал жуулчлал нь АХБ болон CAREC-ийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолж, Монгол Улсад аялал жуулчлалын салбарын дижитал шилжилтийг эрчимжүүлэх, цахим холболт, хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлэх, ногоон аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн уулзалтаар Монгол, Казахстан, Киргизстан зэрэг улсын оролцоотой өв соёлд суурилсан бүс нутгийн хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлж, CAREC-ийн “Silk Road Portal” платформоор дамжуулан олон улсад сурталчлах боломжийн талаар ярилцлаа.

Түүнчлэн хамтарсан төслүүдийн бэлтгэл ажлыг CAREC-ийн итгэлцлийн сангийн санхүүжилтээр дэмжих боломжтойг онцолж, талууд цаашид хамтарсан төслийн санал боловсруулан ажиллахаар тохиролцсон талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв.

Аялал жуулчлалын салбарын дижитал шилжилт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн