Бэлчээрийн чанарт мониторинг хийх шаардлагатай байна

“Тал нутгаас Дэлхийн зах зээлд: Монголын бэлчээрийн нүүрстөрөгчийн боломж” хэлэлцүүгийн илтгэгч ХХААХҮЯ-ны Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш дэлхийн карбон зах зээл дээрх Монгол Улсын орон зай, боломж, ХХААХҮЯ-наас энэ чиглэлд баримталж буй бодлого, үйл ажиллагаа, анхаарах зүйлийг танилцууллаа.

Монгол орны хөдөө аж ахуйн эдэлбэр газар 134.1 сая га, нийт газар нутгийн 106.1 сая га буюу 82 хувь нь бэлчээр. Мал сүргийн 90 гаруй хувь нь байгалийн бэлчээр, уур амьсгалын нөхцөлөөс шууд хамааралтай, малчид нь уламжлалт нүүдлийн хэлбэрээ хадгалж буйгаараа онцлог. Гэвч манай орны газар нутгийн 76.9, бэлчээрийн 65 хувь доройтсоны 13 хувь нь бүрмөсөн цөлжөөд байгаа.

Бэлчээрийн чанарт мониторинг хийх шаардлагатай байна

Мал сүргийн бүртгэл, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хянах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зохицуулалт, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо сул байгаа нь гол сорилт юм. Малын тоо толгой хэт цөөрөх, газар нутаг эзэнгүйдэхийн эсрэг бодлого хэрэгжүүлэх, малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл зохиомлоор үүсгэх үзэгдлээс сэргийлэх зэрэг тулгамдсан асуудал байгааг тэрбээр дурдав. Мөн малчдад сургалт мэдээлэл өгөх, бэлчээрийн карбон кредитийг оновчтой тооцох, түүнээс малчдад үр ашиг хүртээх боломжийг зөв тооцох нь чухал байна. Үүний тулд зах зээлд өрсөлдөх чадавхтай байх, бэлчээрийн малаас ялгарах карбон кредитийг бодитоор тогтоох аргачлалыг нэвтрүүлэх, бэлчээрийн чанарт мониторинг хийх шаардлагатайг тэмдэглэсэн юм. 

Бэлчээрийн чанарт мониторинг хийх шаардлагатай байна

Хэлэлцүүлэг “Тогтвортой бэлчээрээс итгэлцэлд суурилсан худалдаа хүртэл: Аюулгүй, тэсвэртэй, нэмүү өртөг шингэсэн мал аж ахуйн тогтолцооны төлөөх Монгол Улсын нэгдсэн санаачилгууд” сэдвээр үргэлжиллээ. 

Монголын мал аж ахуйн салбарыг тогтвортой бэлчээр, малчдын амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, стандарт, баталгаажуулалт, экспортын худалдааг уялдуулсан нэгдсэн тогтолцоогоор хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй санаачилгуудыг танилцуулав. Эрсдэлд суурилсан махны аюулгүй байдлын баталгаажуулалтын үндэсний тогтолцоо, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, гүүний саамын үйлдвэрлэл, бэлчээрийн доройтлыг багасгах, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлэх санаачилгыг онцолж байна.

Монгол Улс “Бэлчээрээс зах зээл хүртэлх” тогтвортой, аюулгүй, нэмүү өртөг шингэсэн мал аж ахуйн тогтолцоог хөгжүүлэхийн төлөө олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн