Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчдад зориулан энэ онд 19 үйл ажиллагаа зохион байгуулсныг 300 мянга гаруй хүн үзэж сонирхжээ.
Манай улсад энэ оны есдүгээр сарын нэгний байдлаар 737,338 жуулчин ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 258,886-гаар буюу 54.1 хувиар нэмэгдсэн байна. Харин нийслэлд 2026 оны жилийн эцэс гэхэд 630 мянган жуулчин хүлээн авах төлөвтэй байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, зорин ирэх жуулчдын тоог нэмэх, ая тухтай зорчих нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгаа.
Нийт жуулчны 60-70 хувь нь нийслэлээр дайран өнгөрч байгаа бөгөөд энэ жил шууд нийслэгтэй хотын тоо нэмэгдсэн нь жуулчдын тоонд нөлөөлжээ. Тухайлбал, БНХАУ-ын агаарын тээврийн хувийн компаниудын нэг “Spring Airlines” Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын “Скат эйрлайнс” компани Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй болсон. Мөн “Хүннү Эйр” компани энэ сарын 28-наас Улаанбаатар-Дели чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр болоод байгаа.
Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас гаргасан энэ оны эхний улирлын тайланд Монгол Улс “Ази номхон далайн бүс нутгийн хамгийн сайн үзүүлэлттэй улс” номинацид 4, “Зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээл” номинацид 2, “Орлогын үзүүлэлт”-ээр 3, хамгийн их үзүүлэлттэй 20 улсын жагсаалтад 4-р байрт эрэмбэлэгджээ.
