Богдхан уулын амьтдыг хамгаалах, экологийн гарц байгуулна

Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах, амьдрах орчны тасалдлыг бууруулах, дэд бүтцийн шугаман байгууламжийн нөлөөллөөс үүдэх эрсдэлийг  бууруулах зорилгоор экологийн гарц байгуулах санамж бичгийг БОУАӨЯ болон “Эн Си Ди” групптэй байгууллаа.

Богдхан уул бол дэлхийн хамгийн эртний дархан цаазат газруудын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн байгалийн онцгой үнэ цэнтэй экосистем юм. Хотжилт, зам, дэд бүтцийн хөгжил нэмэгдэхийн хэрээр зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдаж, нүүдэл шилжилтийн зам нь тасалдах болсон. Ялангуяа халиун буга, бор гөрөөс, цагаан зээр зэрэг туруутан амьтад авто болон төмөр зам, хашаанд хаагдах, осолдох зэрэг эрсдэлтэй тулгарч байна.

Тиймээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хүрхрээ болон Чандманийн ам орчимд экологийн гарц байгуулахаар төлөвлөсөн.

Богдхан уулын амьтдыг хамгаалах, экологийн гарц байгуулнаСанамж бичиг байгуулах ёслолыг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нээж үг хэлэхдээ “Экологийн гарц гэдэг нь зөвхөн амьтдыг ослоос хамгаалах, нүүдлийн замыг чөлөөлөх байгууламж биш. Энэ бол хотын хөгжил ба байгаль хамгааллын хооронд зөв зохицол байж болохыг харуулсан бодит шийдэл юм. Дэлхийн олон орон авто замын дээгүүр болон доогуур экологийн гарц байгуулснаар амьтдын нүүдэл шилжилтийг чөлөөлж, зам тээврийн ослыг эрс бууруулсан сайн туршлагатай. Эдгээр байршлыг эрдэмтдийн судалгаанд үндэслэн сонгосон бөгөөд зураг төсөл, ТЭЗҮ  боловсруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Төлөвлөлтийн энэ үе шатанд зэрлэг амьтдын хамгаалал болон иргэдийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагыг зэрэг хангасан шийдлийг тусгах нь чухал юм” гэлээ.

Богдхан ууланд 54 зүйл хөхтөн, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Экологийн гарц байгуулснаар амьдрах орчны хуваагдлыг бууруулах, зэрлэг амьтдын нүүдэл шилжилтийг сэргээх, ус болон тэжээлийн эх үүсвэрт хүрэх боломжийг нэмэгдүүлэх, экологийн коридорыг хамгаалах, байгалийн гамшиг, ой хээрийн түймэр зэрэг эрсдэл үүссэн үед амьтад аюултай бүсээс шилжин гарах боломжийг бүрдүүлэх ажээ.

Богдхан уулын амьтдыг хамгаалах, экологийн гарц байгуулна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн