Монголын Байгалийн өв сан болон ХААН банк байгаль хамгаалал, биологийн олон янз байдал, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслол COP17-гийн хүрээнд зохион байгуулсан Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форумын үеэр болж, биологийн олон янз байдал, байгаль хамгаалалд банк, санхүүгийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө, санхүүжилтийг байгаль хамгааллын бодит үр дүнд чиглүүлэх зорилтыг талууд онцоллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд бид малчид, хоршоодод зориулан тогтвортой бэлчээрийн менежменттэй уялдсан ногоон санхүүжилтийн загвар хөгжүүлж, банкны Байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийн удирдлагын тогтолцоонд биологийн олон янз байдлын эрсдэлийг тооцон TNFD стандартыг судлахаар төлөвлөсөн аж.
Мөн эко хэрэглээг урамшуулах “Ногоон карт” гаргах болон банкнаас санхүүжилт авсан харилцагчдад уур амьсгалын эрсдэлд дасан зохицох чиглэлээр техникийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.
