Улаанбаатар //. “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хоёр дахь жилийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Тоёда нар Японы Элчин сайдын өргөөнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Тус төсөл нь хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдүүдийг дэмжихэд чиглэсэн орон нутгийн төрийн үйлчилгээний байгууллагуудын чадавх, уялдаа холбоо, хариу үйлдэл үзүүлэх чадварыг сайжруулах зорилготой.
Энэхүү төслийг “Японы төрийн бус байгуулагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх юм.
Гарын үсэг зурах үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара ярихдаа, “Японы Хүүхдийг ивээх сан 2024 оны санхүүгийн жилийн энэхүү хөтөлбөрийн хүрээнд тэгш, хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийг хэрэгжүүлж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, эрт үеийн дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэх, шаардлагатай чадавхыг бэхжүүлэх, дэд бүтцийн орчныг сайжруулах чиглэлээр ажилласан. Энэ удаа баталсан төслийн хоёр дахь жилийн хүрээнд орон нутагт төрийн үйлчилгээг хүргэж буй өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс болон цэцэрлэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжинэ. Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн зорилтот өрхийн эрүүл мэндийн төв болон цэцэрлэгээр зочлон, төслийн хүрээнд шинээр тохижуулсан хүүхэд хөгжлийн танхим, ариун цэврийн өрөө, нийлүүлсэн тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалтай танилцсан. Байгууллагуудын ажилтнууд өдөр тутамдаа анги танхим, тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашиглаж буй нь төслийн бодит үр дүнг харуулж байна. Энэ удаа төсөлд хамрагдсан байгууллагууд өмнө нь төсөлд хамрагдаагүй байгууллагуудтай хамтран ажиллаж, хуримтлуулсан туршлага, мэдлэгээ хуваалцахаар төлөвлөж байгаа. Иймд энэхүү төсөл цаашид тогтвортой үргэлжилж, улам өргөжин хөгжих боломжтой гэдэгт итгэлтэй байна” гэв.
Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Тоёда ярихдаа, “Энэхүү хамтын ажиллагаа сүүлийн шатандаа орж байна. Бидний ажлын үр дүнд хүүхдийн хөгжлийн үнэлгээ сайжирч, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын салбарын уялдаа холбоо бэхжиж, бага насны хүүхдэд чиглэсэн үйлчилгээ илүү хүртээмжтэй, тэгш хамруулсан хэлбэрээр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна. Сүүлийн жилүүдэд гаргасан ололт амжилтад тулгуурлан хамтран ажиллах байгууллагуудын хүрээг өргөжүүлэх, туршлагаа хуваалцах, бодит үр дүн гаргах чадавхыг улам бэхжүүлэхээр зорьж байна. Мөн Засгийн газрын түншүүдтэй хамтран бий болгосон сайн туршлагыг цаашид тогтвортой хэрэгжүүлж, бодлого, нөлөөллийн түвшинд бэхжүүлэхэд анхааран ажиллах болно. Ингэснээр хүүхэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд хамгийн чухал үе болох бага насандаа зохистой дэмжлэг авах боломж бүрдэнэ” гэв.
Монгол Улсын Засгийн газар Японы ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлж буй энэхүү үйл ажиллагаа тогтвортой, тэгш, хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Уг төслийг 2027 оны 3 дугаар сарын 29-нийг хүртэл хэрэгжүүлэх бөгөөд нийт 664.555 ам.долларын санхүүжилт олгох юм.
Японы төрийн бус байгуулагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламж гэдэг нь хөгжиж буй улс орнууд болон бүс нутагт японы төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрт Япон Улсын засгийн газраас санхүүжилт олгох тогтолцоо юм.

