БНСУ шатахууны үнийг 150 воноор бууруулна

Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурч, Ойрх Дорнод дахь нөхцөл байдал харьцангуй намжсантай холбоотойгоор БНСУ өнөөдрөөс (2026.06.27) эхлэн дотоодын шатахууны үнийн дээд хязгаарыг литр тутамд 150 воноор бууруулах боллоо.

Тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны мэдээлснээр, шинэ зохицуулалт Бямба гаригийн 00:00 цагаас хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэжээ. Үүний дагуу газрын тос боловсруулах компаниуд нэг литр бензинийг 1784 вон, дизель түлшийг 1773 вон, керосиныг 1380 воноос хэтрүүлэхгүй нийлүүлэх ёстой.

Засгийн газар энэхүү өөрчлөлтийн үр дүнд шатахуун түгээх станцууд дахь жижиглэнгийн үнэ литр тутамд 2000 гаруй воноос 1800 орчим вон хүртэл буурна гэж тооцоолж байна.

Сангийн сайд Кү Юн Чоль “Засгийн газар Ойрх Дорнодын нөхцөл байдал болон дотоодын эдийн засгийн төлөвийг анхааралтай ажиглаж, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлж буй яаралтай арга хэмжээг үе шаттайгаар өөрчилнө” гэж мэдэгджээ.

Сүүлийн долоо хоногуудад олон улсын газрын тосны үнэ мэдэгдэхүйц буурсан байна. Брент төрлийн газрын тосны үнэ зургадугаар сарын эхээр баррель нь 95 ам.доллар байсан бол 75 ам.доллар болж буурчээ. Мөн АНУ-ын “WTI” төрлийн газрын тосны үнэ 93 ам.доллараас 72 ам.доллар болсон байна. Үүний зэрэгцээ бензин, дизель түлш, керосины олон улсын үнэ мөн буурсан байна.

БНСУ-ын засгийн газраас энэхүү шийдвэр нь олон улсын зах зээл дэх газрын тосны үнийн бууралтыг дотоодын зах зээлд урьдчилан тусгаж, шатахууны үнийг тогтворжуулан иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах зорилготой гэж тайлбарлалаа. Тус улс шатахууны үнийн дээд хязгаар тогтоох тогтолцоог энэ оны гуравдугаар сард Ойрх Дорнод дахь хурцадмал байдлын улмаас эрчим хүчний үнийн өсөлтөөс иргэдийг хамгаалах зорилгоор нэвтрүүлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн