Зүүн бүсийн уралдааны түрүү морьдын эзэд цул мөнгөн цом хүртэнэ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Зүүн бүсийн хурдан морины уралдааныг 2026 оны долдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулахаар товложээ. Тус уралдааныг “Жавхлант шарга” морин спорт, уяачдын холбоо, Монголын Морин спорт, уяачдын холбоо болон Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм байна. Зүүн бүсийн хурдан морины уралдааныг зургаан насны есөн ангиллаар зохион байгуулах бөгөөд морьдыг уралдааны өмнө хэмжилтэд хамруулж, барианд орж ирсний дараа дахин хэмжилт хийж баталгаажуулахаар төлөвлөжээ. Мөн энэ удаагийн уралдааныг Сүхбаатар аймгаас тодорсон алдарт хурдан хүлгүүдийн нэрэмжит цомын төлөөх уралдаан болгон зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор тусгай цомын зураг төслийг бүрэн боловсруулж, бүтээн урлах ажлыг эхлүүлжээ.

Уралдааны аваргуудад гардуулах цом нь 80 лангийн цул мөнгөн хийцтэй бөгөөд уяачийн гэр бүлд үе дамжин өвлөгдөх үнэ цэнтэй дурсгал болохыг зохион байгуулагчид онцолсон байна.

Цом нь 40х28 см хэмжээтэй, хийморийн морин дүрст тагтай бөгөөд Монгол үндэсний уран сийлбэрээр чимэглэсэн тусгай хайрцагтай байх ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн