Израиль улс аравдугаар сард байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Газын зурвасаас цэргээ бүрэн эргүүлэн татахаар тохирсон. Гэвч цэргээ эргүүлэн татах нь бүү хэл бүс нутагт байнгын бөгөөд бат бэх хамгаалалттай баазуудыг чимээгүйхэн барьсаар байгааг сүүлийн үеийн хиймэл дагуулын зургаар нотолжээ. Өнгөрсөн сард нэгтгэсэн хиймэл дагуулын зургуудыг харвал Газын зурвас даяар 40 байршилд Израилийн цэргийн бааз байна. Үүнээс найм нь 2025 оны аравдугаар сард гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш баригджээ. Мөн эндээс нэг баазынх нь барилгын ажил идэвхтэй үргэлжилж байна.
Энэхүү тэлэлт нь Израилийн улам бүр илэрхий болж буй газар нутгийн амбицын илрэл юм.
Тус улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху саяхны нэгэн бага хурлын үеэр Газын зурвасын дийлэнх хэсгийг бүрмөсөн эзлэх удирдамжийг баталсан билээ. Израилийн цэргүүд “Шар шугам” гэж нэрлэгддэг байрлал руу ухарсан бөгөөд энэ нь Газын зурвасын нийт нутаг дэвсгэрийн ойролцоогоор 60 хувийг хамарсан бүс. Гэвч энэ хувь хэмжээг цаашид 70 болгон тэлэх эрмэлзэлтэй байгааг Нетаньяху мэдэгдсэн юм.
Одоо баригдаж байгаа байгууламжууд нь түр зуурын ажиглалтын байрлал бус байнгын, урт хугацаанд ашиглах баазууд байгаа нь анхаарал татна.
Шинэ байгууламжуудыг баригдсан байрлалаар нь ангилбал, хоёр нь Газын хойд хэсэгт, хоёр нь төв хэсэгт, нэг нь зүүн хэсгийн Нетзарим коридорт, гурав нь өмнөд Хан Юнист байна. Израилийн эзлэн түрэмгийллийн хамгийн тод жишээ бол Хан Юнис дэх оршуулгын газрын суурь дээр цэргийн баазаа байгуулсан явдал юм.
2025 оны аравдугаар сард гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн ч ердөө нэг сарын дараа л бульдозерууд гарч ирж, барилгын ажил эхэлснийг хиймэл дагуулын зурагнууд илтгэнэ. Харин өнгөрсөн сарын байдлаар тэдгээр байршлууд нь янз бүрийн машин техник, түр хуарангаар дүүрчээ.
40 цэргийн баазын байршлыг нийтэд нь харвал бүслэлтийн стратеги баримталсан нь илт. Шороон бэхлэлт, шуудуу, цэргүүдийн ашигладаг замын сүлжээгээр холбогдсон баазууд нь Палестины хүн ам суурьшсан төвүүдийг олон талаас нь нягт хүрээлж байгаа юм.
