Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров улс орондоо дайны үеийн сонгууль явуулахыг уриалсан дуулиант мэдэгдэл хийлээ. Тэрбээр Украиныг засаглалын хямралтай нүүр тулсан гэсэн утгатай мэдэгдлийг “YouTube”-ээр дамжуулан хийжээ. Мөн хуучны тогтолцоо хэтэрхий олон тохиолдолд өөрсдийн дүрмээр ажилладаг, өөрчлөлтөөс айдаг гэсэн шүүмжлэлийг хэлсэн байна.
Дайны үеийн сонгууль нь Оросын бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш Зеленскийд тулгараад буй хамгийн том дотоод сорилт юм. Михайло Федоровын мэдэгдэл нь мөн л Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украины томоохон улс төрийн зүтгэлтэн дайны үеийн сонгууль явуулахыг шаардсан анхны тохиолдол болж байна. Олны мэдэж байгаачлан Украины хуулиар дайны үед сонгууль явуулахыг хориглодог.
Михайло Федоров хэлэхдээ “Ардчиллыг Оросын барьцаанд байлгаж болохгүй. Урт хугацааны дайны нөхцөлд ч ардчиллаа шинэчлэх боломжийг олгох хууль ёсны, аюулгүй, бодит механизмыг бий болгох ёстой” гэжээ.
35 настай Федоров нь олон жилийн турш Зеленскийн ойрын холбоотон байсан нэгэн. Тэрбээр албан тушаалд томилогдоод ердөө зургаахан сарын дараа буюу энэ оны долдугаар сард гэнэтийн байдлаар сайдын суудлаас буужээ.
Албан тушаалаа хүлээлгэн өгснийхөө дараа тэрбээр Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырскийг олон нийтийн өмнө хатуу шүүмжилсэн байдаг. Энэ нь Федоров, Сырский нарын хоорондын гүнзгий зөрчил болон дайны талаарх ялгаатай үзэл баримтлалыг нь ил болгожээ. Үүний дараа олон мянган украинчууд хуучны үеийн цэргийн командлагч Сырскийг огцруулж, Федоровыг албан тушаалд нь эргүүлэн томилохыг шаардан гудамжинд жагссан байна. Федоровыг дэмжсэн жагсаал цуглаан өнгөрсөн нэг сарын турш үргэлжилж, эхэн үеийн эрч нь бага зэрэг саарсан ч бүрэн зогсоогүй.
Михайло Федоров сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдэгдэл хийгээгүй ч саяхны санал асуулгыг харвал түүний иргэдийн дундах байр суурь өндөр байгаа ажээ.
Зеленский шинэ Батлан хамгаалахын сайдаар Евгений Хмараг томилох санал гаргаж, парламентаар батламжлуулах хүсэлтэй байна. Энэхүү шинэ мэдээнээс хэдхэн цагийн дараа Федоровын мэдэгдэл гарчээ. Тиймээс уг мэдэгдлийг Зеленскийд зориулсан ил тод сорилт гэж үзэж байна.
Украины Батлан хамгаалах яамны олон тэрбум ам.долларын худалдан авалтыг хариуцдаг худалдан авах ажиллагааны тогтолцоог шинэчилсэн нь өөрийг нь халсан шалтгааны нэг болсон гэж Федоров өмнө нь хэлж байжээ. Тэрбээр анх Батлан хамгаалахын сайдаар томилогдмогцоо өгөгдөлд суурилсан өргөн хүрээний шинэчлэл хийнэ гэж зоригтой амлаж, улс орон даяар нэр хүнд нь эрс өссөн байна.