АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Ням гаригт /2026.08.16/ Батлан хамгаалахын сайд Пит Хегсетэд Өмнөд Солонгостой хийхээр төлөвлөсөн хамтарсан цэргийн сургуулилалтын цар хүрээг багасгах чиглэл өгсөн. Өмнөд Солонгос улс Ираныг цөмийн зэвсэггүй болгох үйл явцад туслалцаа үзүүлээгүй учир ийм шийдвэр гаргасан гэж тэр тайлбарлажээ.
Гэвч бодит байдал дээр үүний цаана хөрөнгө оруулалттай холбоотой өөр шалтгаан байгааг нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлэв. Тодруулбал, Өмнөд Солонгос өнгөрсөн онд АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амлажээ. Гэвч амлалтын хэрэгжилт удааширч байгаад АНУ-ын засаг захиргаа бухимдсан тул Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд гаргаж байсантай адил сүрдүүлгийг дахин гаргасан бололтой.
Жорж Бушийн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуцсан захирал байсан Виктор Ча хэлэхдээ “Миний бодлоор энэ асуудал Өмнөд Солонгос үүнийг ердийн хөрөнгө оруулалт шиг авч үзэж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, тэд хөрөнгө оруулалтын талаар албан ёсоор зарлахаасаа өмнө бүх зүйлээ бүрэн тохирч, баталгаажуулахыг хүсч байна. Гэтэл Трампын засаг захиргааны ажиллах арга барил ийм биш” гэжээ.
Үүний зэрэгцээ Америкийн цахим худалдааны “Coupang” компанид Өмнөд Солонгос таагүй хандаж байгаад Трампын засаг захиргаа бухимдаж буй бололтой. Тодруулбал, Өмнөд Солонгосын зохицуулагч байгууллагууд өнгөрсөн зургадугаар сард тус компанид 400 гаруй сая ам.долларын торгууль ногдуулсан юм.
Трампын сүрдүүлгийг харвал АНУ-ын засаг захиргаа холбоотон орнуудынхаа эдийн засаг, аюулгүй байдлын харилцааг хооронд нь холиж хутгах хандлагатай байгаа аж. Нэгэн эх сурвалж хэлэхдээ “Ерөнхийлөгч Трамп ямар нэг хөшүүрэг ашиглах дуртай” гэжээ.
Трамп гадаад улс орнуудын амласан ойролцоогоор 20 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтыг хоёр дахь бүрэн эрхийн хугацааныхаа гол амжилтуудын нэг гэж байнга онцолдог. Мөн үүнийг Жо Байдены үеийн хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулах дуртай.
АНУ-ын Худалдааны сайд Ховард Лютник Трампын мэдэгдлийн маргааш нь Өмнөд Солонгосын Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний сайд Ким Жүн Гвантай уулзалт хийж, хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцсан боловч тус уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.
Угтаа бол АНУ, Өмнөд Солонгос улсууд Хойд Солонгосын аюул заналхийллийг тогтоон барих зорилгоор жил бүр хамтарсан цэргийн сургуулилалт хийгээд 70 гаруй жилийн нүүр үзсэн. Өнгөрсөн Даваа гаригт эхэлсэн сургуулилалтад Өмнөд Солонгосын 18 мянга орчим цэрэг болон тус улсад байрлаж буй АНУ-ын 28,500 цэргийн олонх нь оролцох төлөвтэй байв. Трампын мэдэгдлийн дараа уг сургуулилалтын хэмжээ хэрхэн багассан нь тодорхойгүй.
Гэхдээ Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа ч хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилалтын ач холбогдолд эргэлздэг байсан. Тэрбээр уг сургуулилалтыг өндөр өртөгтэй хэмээн шүүмжлэхийн зэрэгцээ өөрийнх нь найз Ким Жон Уныг шаардлагагүйгээр өдөөн хатгасан үйлдэл гэж хэлж байжээ. Трамп өнгөрсөн онд ч Өмнөд Солонгостой хийсэн худалдааны хэлэлцээний үеэр цэргийн зардал хуваалцах асуудлыг хөндөж, тус улсыг АНУ-ын цэргийн хамгаалалтыг үнэгүй ашиглаж байна гэж буруутгаж байсан.
Түүний хамгийн сүүлийн мэдэгдэлтэй зэрэгцээд Хойд Солонгос улс өнгөрсөн долоо хоногт баллистик пуужингийн шинэ туршилт хийлээ. Мөн Пентагоны удирдлагууд Өмнөд Солонгост байрлаж буй 4,500 орчим цэргийг Энэтхэг-Номхон далайн бүсэд өөр газарт шилжүүлэн байршуулахаар хэлэлцэв. Конгресс энэ алхмыг эсэргүүцсээр иржээ.
Өмнөд Солонгос улс Ираны асуудал дээр тусламжийн гараа сунгаагүйд нь Трамп хувьдаа бухимдсан билээ. Тэрбээр энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Би саяхан Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй холбогдоод бидэнд туслах боломж байна уу гэж асуусан. Бидэнд Ираны асуудлаар тусламж хэрэггүй, гэхдээ хүсвэл тусалж болно шүү гэж хэлсэн юм. Гэтэл тэр ‘Үгүй, баярлалаа’ гэж хариулсан. Тэгэхээр нь би ‘Юу гэсэн үг вэ? Манай 39 мянган цэрэг Ким Жон Унаас та нарыг хамгаалж байна. Гэтэл та Иранд хийж буй маш энгийн цэргийн ажиллагаанд маань туслахгүй юм уу? Хачирхалтай юм. Тэгвэл бид нар яагаад танайд туслаад байгаа юм бэ’ гэж хэлсэн” гэжээ.
Үндсэндээ Трамп Өмнөд Солонгосыг шийтгэхийг хүсч байгаа мэт харагдаж байгааг өөр нэгэн эх сурвалж хэлсэн байна.
Эцсийн дүндээ Трампын хөрөнгө оруулалтын талаарх бухимдал хоёр орны харилцаанд ихээхэн нөлөөлж байна. Амласан 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 150 тэрбум ам.долларыг усан онгоц үйлдвэрлэлд зарцуулахаар тусгажээ. Харин үлдсэн 200 тэрбумыг хэрхэн зарцуулахыг Өмнөд Солонгос хараахан зарлаагүй байна. Хэлэлцээний явцыг мэдэх эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Солонгостой хийж буй хэлэлцээ Трампын засаг захиргааны албан тушаалтнуудын хүлээж байснаас удаан ахицтай байгаа аж. Тэр ч бүү хэл өмнөд солонгосчуудыг түүхэнд байгаагүй хамгийн удаан хэлэлцээ хийдэг хүмүүс гэж тухайн эх сурвалж хэлжээ.