Украин улс Даваа гаригийн (2026.03.02) өглөө ОХУ-ын өмнөд хэсгийн Новороссийск боомт хот дахь газрын тосны терминал руу довтолсон гэж Украины арми мэдэгдэв. Тодруулбал, Шесхарис газрын тосны терминал болон Краснодарын хязгаар дахь Оросын тэнгисийн цэргийн баазад цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна. Мөн тухайн газарт их хэмжээний гал гарсан гэж мэдээлжээ. Гэвч тухайн хэсэгт халдахгүй байхыг АНУ-ын Төрийн Департмент өмнө нь анхааруулж байжээ.
Краснодарын захирагч таван хүн шархадсан гэж мэдэгдсэн боловч газрын тосны терминалын талаар дурдаагүй. Одоо тухайн бүс нутагт онц байдал зарласан байна. Оросын сошиал сүлжээнд тавигдсан, баталгаажаагүй бичлэгүүдэд боомтод гал гарч буй нь гарсан.
Шесхарис терминал нь Оросын өмнөд хэсгийн хамгийн том газрын тос тээвэрлэх байгууламжуудын нэг юм.
Украин өнгөрсөн арваннэгдүгээр сард мөн энэ байгууламж болон Казахстаны газрын тосны ихэнх экспортыг дамжуулдаг Каспийн хоолойн консорциумын (CPC) терминалд цохилт өгч байсан. “CPC” нь АНУ-ын “Chevron”, “ExxonMobil” зэрэг томоохон компаниудын хамтын эзэмшилд байдаг бөгөөд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн нэг хүртэлх хувийг дамжуулдаг.
Өнгөрсөн долоо хоногт Украины АНУ дахь элчин сайд хэлэхдээ, АНУ-ын Төрийн департамент өнгөрсөн жилийн халдлагуудын дараа Новороссийск дахь ашиг сонирхолын байршлуудад нь халдахгүй байхыг Украинд анхааруулсан гэжээ.
Гэхдээ яг хэзээ анхааруулсан болон боомтын аль хэсэгт халдахгүй байхыг хүссэн нь тодорхойгүй байна. Новороссийск боомт нь Оросын түүхий нефтийн экспортын ойролцоогоор 20 хувийг дамжуулдаг бөгөөд Хар тэнгис дэх хамгийн том экспортын төв юм. Украины тал тухайн газрын тосны байгууламж нь Оросын армийг дэмждэг гэж өмнө нь мэдэгдэж байсан.
Оросын Батлан хамгаалах яам цохилт болсны дараа Украины 172 дроныг устгасан гэж мэдэгджээ. Тэдгээрийн олонх нь Хар тэнгис болон Краснодарын хязгаар дээгүүр нисч байсан байна. Мөн Крым болон Оросын бусад хэд хэдэн бүс нутагт дрон илэрсэн гэж мэдээлжээ. Энэхүү халдлагын улмаас өмнөд Оросын нисэх буудлуудад дотоод болон олон улсын нислэг хойшлогдож, цуцлагдсан байна.