Монголын өв соёл, үндэсний бүтээгдэхүүн, гар урлал, хоол үйлдвэрлэл, бүтээлч үйлдвэрлэл, урлагийн тоглолтыг нэг дор төвлөрүүлсэн “KHARKHORUM BAZAAR” арга хэмжээ энэ сарын 11-20-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд үргэлжилж байна. Уламжлалт үзэсгэлэн худалдааны хэв маягийг өргөжүүлж, үндэсний үйлдвэрлэл, гар урлал, хоол үйлдвэрлэл, бүтээлч үйлдвэрлэл, энтертайнментыг хослуулсан тус арга хэмжээ дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Мөн наймдугаар сарын 23, 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “KHARKHORUM” визуал арт болон хөгжмийн фестивалийн хаалтын арга хэмжээ болохоор төлөвлөжээ. Энэ үеэр “Сэцэн фэйшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, үйлдвэрлэлийн дизайнер, загвар зохион бүтээгч У.Ганцэцэгтэй үндэсний өв соёл, түүхийг хувцас загвараар дамжуулан сурталчлах, байгальд ээлтэй үйлдвэрлэл, Монгол брэндийг гадаадын зах зээлд гаргах боломж болон “KHARKHORUM BAZAAR”-ын онцлогийн талаар ярилцлаа.
“СЭЦЭН ФЭЙШН” 26 ЖИЛИЙН ТУРШ МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫГ ЗАГВАРААР ИЛЭРХИЙЛЖ БАЙНА
-Юуны өмнө өөрийгөө болон “Сэцэн фэйшн” брэндээ уншигчдад танилцуулаач?
-Намайг У.Ганцэцэг гэдэг. Үйлдвэрлэлийн дизайнер, загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ 26 жил ажиллаж байна. Манай “Сэцэн фэйшн” компани 2015 онд байгуулагдсан бөгөөд түүнээс хойш Монголын томоохон уран бүтээлийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн.
Тухайлбал, Монголын үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театрын томоохон уран бүтээлүүдэд оролцож байсан. Мөн 2019, 2022, 2024 онд улсын наадмын нээлтийн ёслолын хувцсыг хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн Эзэн Чингис хааны музейн үзмэрийн хувцаснуудыг хийсэн. Монгол Улс хилийн чанадаас ирж буй жуулчдад түүх, соёлоо харуулах олон сайхан зүйлтэй болсон. Энэ утгаараа музейн үзмэрийн хувцаснуудыг бүтээсэн нь бидний хувьд чухал ажлын нэг байсан.
Мөн “Сэцэн фэйшн” компанийн Д.Ариундэлгэрийн удирдлага дор “Хаан найрал” чуулгын бүрэн бүрэлдэхүүний хувцсыг бүтнээр нь хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн бүтээлч уран бүтээлчидтэй хамтран ханын зураг зэрэг томоохон ажлуудыг хийж байсан.
-“KHARKHORUM BAZAAR”-т хэд дэх жилдээ оролцож байна вэ? Энэ арга хэмжээнд оролцох болсон шалтгаан нь юу байв?
-Манай “Сэцэн фэйшн” компани энэ удаагийн “KHARKHORUM BAZAAR”-т анх удаа оролцож байна. Хархорумын нэртэй холбоотой энэхүү арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа гэж ойлгосон.
“Хархорум” гэдэг нь өөрөө XIII зууны хаадын түүхтэй холбоотой, Монголын түүх, соёлын бэлгэ тэмдэг болсон нэр. Тиймээс үндэсний үйлдвэрлэл, өв соёлыг нэг дор танилцуулж байгаа энэ арга хэмжээнд оролцох нь бидний хувьд сонирхолтой санагдсан. Хархорумын үе бол Монголын эзэнт гүрэн дэлхийн худалдаа, харилцаанд чухал байр суурь эзэлж байсан түүхэн цаг үе. Торгоны замаар дамжин худалдаа, соёлын харилцаа өрнөж байсан. Тиймээс энэ нэрийн дор үндэсний үйлдвэрлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид, бүтээлч үйлдвэрлэлийн төлөөллүүд нэг дор цуглаж байгаа нь онцлог гэж харж байна. Энэ удаагийн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болж байгаа нь бас давуу талтай. Найр наадам өндөрлөж, намрын улирал эхэлж байгаа энэ үед Монголд ирсэн жуулчид, дотоодын иргэд үндэсний үйлдвэрлэл, гар урлал, бүтээгдэхүүнтэй нэг дор танилцах боломж бүрдэж байна.
Үзэсгэлэн наймдугаар сарын 11-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. Харин наймдугаар сарын 23, 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд амьд хөгжим, фестивалийн хаалтын арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөсөн.
Монгол Улсад зорин ирсэн жуулчид, аяллын хөтөчөөр ажилладаг хүмүүс, мөн хилийн чанадад амьдардаг монголчууд энэ үзэсгэлэнгээр заавал зочлоосой гэж хүсч байна. Монголын үндэсний үйлдвэрлэл, бүтээлч үйлдвэрлэл ямар түвшинд хүрснийг нэг дороос харах боломж гэж бодож байгаа. Нөгөө талаар жижиг, дунд бизнес эрхлэгчид сүүлийн жилүүдэд олон бэрхшээлтэй тулгарч байна. Зээл, санхүүжилт, үйлдвэрлэлийн зардал гээд шийдвэрлэх асуудал олон. Тиймээс энэ удаа үзэсгэлэнгийн асрын зардлыг хөнгөлсөн нь үйлдвэрлэгчдэд тодорхой хэмжээнд дэмжлэг болсон. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн энэ байршилд хүмүүс чөлөөтэй ирж, үзэж сонирхон, худалдан авалт хийх боломжтой байгаа нь давуу талтай.
-Танай асарт олон төрлийн хувцас, цүнх, арьсан эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн харагдаж байна. Эдгээр бүтээгдэхүүнийхээ онцлогийг танилцуулахгүй юу?
-“Devil” буюу “Чөтгөр” коллекцоо гаргаж, залуучуудад түлхүү санал болгож байгаа. Энэхүү коллекц маань АНУ-ын Вашингтон хотод 2019, 2020 оноос хойш тогтвортой борлуулагдаж байгаа бол Японы Токио хотод 2023 оноос манай коллекцууд тогтмол борлуулагдаж байна. Хилийн чанадад амьдарч байгаа залуучуудад зориулж, монгол дизайнер өнгө, дүрслэлээр хэрхэн тоглож болохыг харуулахыг зорьдог.
Манай уран бүтээлийн хамгийн гол онцлог бол хадны зураг, археологийн олдвор зэрэг Монголын түүх, өв соёлын эх сурвалжид тулгуурладагт оршино. Бид маш сайн судалгаа хийсний үндсэн дээр бүтээгдэхүүнээ бүтээдэг. Монголын түүхийг залуучуудад хэрхэн хүргэх вэ, хувцас загвараар дамжуулан хэрхэн сурталчлах вэ гэдэгт илүү анхаардаг. Бидний хамгийн том үнэт зүйл бол Монголынхоо түүх, өв соёлыг сурталчлах явдал.
Мөн коллекц бүртээ малын гаралтай түүхий эд болон дахин боловсруулсан материалыг ашигладаг. Бүтээгдэхүүнүүд маань байгальд ээлтэй, хурдан задардаг материалаар хийгддэг. Өөр төрлийн түүхий эд, материалыг ашиглан загварын чиг хандлагыг хэрхэн тодорхойлж болохыг харуулахыг зорьдог.
Цүнх, арьсан эдлэлүүддээ хар тугалга болон бусад хортой хольцгүй, байгалийн гаралтай будгийг ашигладаг. Мөн үхрийн шир, ямааны арьсаар хийсэн цүнхнүүд бий. Тиймээс малын гаралтай түүхий эдийг хэрхэн боловсруулж, Монгол брэнд болгон экспортод гаргаж болохыг өөрсдийн бүтээгдэхүүнээрээ харуулахыг зорьж байна.










-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд экспортын зах зээлд гарах нь хэр чухал боломж вэ? Мөн энэ удаагийн үзэсгэлэн, COP17 зэрэг олон улсын арга хэмжээ Монголын үндэсний бүтээгдэхүүнийг гадаадын зочдод таниулахад ямар боломж болж байна гэж харж байна вэ?
-Олон тооны захиалга авах нь жижиг, дунд бизнес эрхлэгч бүрийн мөрөөдөл. Цаашлаад экспортод чиглэсэн, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж чаддаг компаниуд олноороо төрөн гарах нь Монгол Улсын хувьд чухал зорилго гэж боддог.
Энэ үзэсгэлэн болж байгаа цаг үетэй давхцан COP17 зохион байгуулагдаж байна. Дэлхийн олон орны төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэл, Монгол брэндээ гадаадын зочдод танилцуулах нь том боломж.
Монгол Улс цөлжилтийн асуудалтай нүүр тулж байгаа. Тиймээс бид залуучууддаа байгальд ээлтэй амьдралын хэв маягийг дэмжиж, мод тарих, байгаль орчноо хамгаалахад илүү анхаараасай гэж хүсдэг.
-Та энэ үзэсгэлэнд өөрийн брэндийн бүтээгдэхүүнээс гадна бусад жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, гар урчуудын бүтээлийг мөн танилцуулж байгаа юм байна. Энэ чиглэлээр ямар бүтээгдэхүүнүүдийг онцлон танилцуулж байна вэ?
-Миний хувьд Сүхбаатар дүүргийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг. Энэ үзэсгэлэнд бид холбооныхоо хүрээнд бусад уран бүтээлч, үйлдвэрлэгчидтэй хамтран оролцож байна.
Тухайлбал, уламжлалт арга, өв соёлоо шингээсэн гар урлалын бүтээгдэхүүн бүтээдэг “Дуут урлан”-тай хамтран оролцож байгаа. Хүмүүс эдгээр бүтээлийг их сонирхож байна. Ялангуяа Монголын уламжлалт “есөн эрдэнийн” түүхий эд байгалиас олборлогдох үеэсээ эхлээд хэрхэн уран бүтээл болж хувирдгийг харуулахыг зорьсон.
Монголын зэс, алт, мөнгө зэрэг эрдэс, түүхий эдийг зөв боловсруулж, урлагийн бүтээл болгон хөгжүүлэх боломж их. Манай асарт ирсэн хүмүүс эдгээр бүтээлийн онцлог, уламжлалын талаар уран дархнаас нь сонсож, зөвлөгөө авах боломжтой.
Манай хамтран оролцож буй уран дархан Францад ажиллаж, олон хүнд өөрийн бүтээл, ур чадвараа танилцуулж байсан туршлагатай хүн. Тиймээс Монголын уламжлалт гар урлал, дархны ур чадварыг олон нийтэд хүргэхийг зорьж байна.
-Танай асарт ирсэн хүмүүс ямар бүтээгдэхүүнтэй танилцаж, ямар боломж, зөвлөгөө авах боломжтой вэ?
-Манай асраас өөрийнхөө цор ганц зөвхөн танд зориулсан бүтээгдэхүүнийг худалдан авна. Мөн бидэнтэй ирж танилцан жижиг, дунд бизнес эрхлэгчид яаж хилийн чанадад гарах, бүтээгдэхүүнээ хэрхэн сурталчлах талаар их асуудаг. Үүнтэй холбогдуулан 10 хоногтоо өдөр болгон зөвлөгөө өгнө.
Энэхүү асар дотор уран дархан болон гоё цацлууд байгаа. Алс хол явахдаа бид цацлыг их хэрэглэдэг. Мөн шатар хүний оюун ухааныг тэлдэг хамгийн том шинжлэх ухаанд суурилсан зүйл. Энд янз бүрийн төрлөөрөө зарагдаж байгаа. Хүрэлцэн ирж энэ бараа бүтээгдэхүүнүүдийг маань үзэн маш олон нээлттэй боломжуудыг Цэнгэлдэх дээр Хархорум үзэсгэлэн нээж өгч байна.
-Танай коллекцуудаас олон нийтэд хүрсэн, онцлох бүтээлүүдээс нэрлэвэл?
-Эдгээр коллекцууд маань маш онцлогтой. Бид дуучин Мишээлийг “Яг түүн шиг” шоунд бүтэн хувцасласан коллекцыг хийж урласан. 2024 оны наадмын нээлт дээр бас бүрэн хувцаслаж гаргаж байсан. Нээлтийн хамгийн том гол хувцаснуудыг Улсын драмын эрдмийн театрын найруулагч Монгол Улсын төрийн соёрхолт Н.Наранбаатарын хүсэлтийн дагуу нээж байсан. Тэр үеэр ковид гарч, хүмүүс хоёр жил дараалан наадам үзээгүй. Дизайнер н.Ариундэлгэр болон манай компанийн загвар зохион бүтээгч нар хамтран энэ коллекцуудыг гаргасан. Эдгээр нь Япон улсын Токио хотод борлуулагдаж байгаа. Бид бүх загвар, бүтээл дээрээ Монгол Улсын оюуны өмч, зохиогчийн эрхийн патент, ашигтай загвар,бахархал гэхчлэн Үндэсний брэндийг тухайн үедээ нээж ажиллуулж байсан. Тэр үед эдгээр коллекцууд гарсан.










“МОНГОЛ ХҮНИЙ БИЕИЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН ЗАГВАР ХИЙХ НЬ ЧУХАЛ”
-Танай хувцасны загварт зөвхөн дүрслэлээс гадна хүний биед тохирсон шийдэл чухал гэж ойлголоо. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Монгол хүний биеийн онцлог гэж бий. Биеийн хэлэмж, биеийн ерөнхий анатоми, хувцасны суулт гээд олон зүйл бий. Манай хувцасны загварт эдгээрийг харгалзан үздэг. Тухайлбал, хувцасны хийц, эсгүүрийг хүний биед эвтэйхэн, хөдөлгөөнд саад болохгүй байхаар шийддэг. Мөн оюуны өмчийн эрхтэй дүрслэлүүдээ загвартаа шингээдэг.
Зарим загвар маань байгальд ээлтэй үйлдвэрлэлийн шийдэлтэй, үйлдвэрлэх явцдаа бараг ус хэрэглэдэггүй. Япон Улсад Дэлхийн банкны шугамаар хэрэгжсэн экспортын төсөлд хамрагдаж, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дэмжлэгтэйгээр санхүүжилт авсан. Үүний үр дүнд манай загварууд Япон Улсад борлуулагдах боломж бүрдсэн.
Амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ амьтны амийг хөнөөж байгаа нь харамсалтай санагддаг. Харин манай бүтээгдэхүүнүүд дахин боловсруулсан түүхий эд, байгальд хурдан задарч шингэдэг материалаараа онцлог. Хүн дулаан, тав тухтай явах ёстой. Тиймээс бид хувцасныхаа эргономик шийдэлд анхаарч, хүний нурууны гол хэсгийн дулаан, хөдөлгөөнийг алдагдуулахгүй байхаар загвараа боловсруулдаг. Манай хувцасны гол онцлогийн нэг нь үүнд оршдог.
Мөн өнөөдөр хүмүүс гадаад төрхдөө маш их анхаарч, гоо сайхны мэс засал хийлгэх нь нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцээд хувцас, хэрэглээний бүтээгдэхүүнээрээ дамжуулан хүний биед сөрөг нөлөөтэй бодисыг олон удаа, удаан хугацаанд хэрэглэх эрсдэл бий. Тиймээс бид бүтээгдэхүүндээ ямар түүхий эд, будагч бодис ашиглаж байгаад анхаардаг.
2018 онд Лондон хотод үзэсгэлэнд оролцохдоо бүтээгдэхүүнээ шинжилгээнд өгч, хар тугалгын хольцгүй гэдгээ баталгаажуулсны үндсэн дээр оролцож байсан. Энэ нь тухайн коллекцын маань гол санаануудын нэг юм. Манай коллекц мөн “Мөнгөн мод” шагнал хүртэж байсан.
-Бараа бүтээгдэхүүн дээрх өвөрмөц дүрс, зургууд ямар утга санааг илэрхийлдэг вэ?
-Японы Токио хотод үзэсгэлэнд оролцоход Япон хүмүүсээс хамгийн их асуулт авч байсан зүйл нь эдгээр дүрслэлүүд байсан. Эдгээр нь хүн төрөлхтөнтэй шууд холбоотой санааг илэрхийлдэг.
Хүн аливаа зүйл буруу гэдгийг мэдэж байсан ч хийсээр байдаг. Өөрийнхөө амьдралд сөргөөр нөлөөлөх олон зүйлийг хүн өөрөө бий болгодог. Тиймээс хүн төрөлхтөнд ямар нэгэн байдлаар сануулга өгөх зорилгоор эдгээр дүрслэлийг бүтээлдээ оруулсан. Тухайлбал, салаа хэлтэй дүрслэл нь өөрсдийн бий болгож байгаа асуудлынхаа үндсийг мөн өөрсдөө тавьдаг гэсэн санааг илэрхийлдэг. Байгальд хайргүй хандаж, байгаль орчноо сүйтгэж байгаагаа мэдсээр байж хараагүй мэт дүр эсгэн амьдардаг байдлыг ч мөн хөндсөн.
Хүмүүс “намайг юу гэж хэлэх бол” гэж их боддог. Харин энэ хувцасны санаа нь бусдын юу хэлэхээс айх бус, өөрийнхөөрөө байж, бусдын шүүлтээс ангид байх тухай юм.
Мөн гар дээрээ нүдтэй дүрслэл оруулсан загвар бий. Монголчууд заримдаа өөрийн нүдээр хараагүй зүйлийнхээ талаар их ярьдаг шүү дээ. Үүнийг хувцасны хэлээр тайлбарлан хүргэхийг зорьсон. Үзэсгэлэнд оролцож байсан хүмүүс энэ мэдээллийг сонсоод их сонирхож байсан.
-Таны бүтээлүүдэд байгаль орчин, хүний сэтгэл зүй, нийгмийн асуудлыг хөндсөн санаа нэлээд харагдлаа…
-Хүнийг аз жаргалтай байлгах нь хамгийн чухал гэж боддог. Өнөөдөр сэтгэл гутрал, амиа хорлолт зэрэг асуудал нийгэмд байна. Тиймээс залуучууд маань илүү дайчин, эрч хүчтэй, өнгөлөг байгаасай гэж хүсдэг.
Хүнд долоон төрлийн аураны өнгө байдаг гэж үздэг. Өнгөөр тоглох, өөртөө тохирсон өнгийг ашиглах нь хүний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг гэж би боддог.
Мөн манай онцлох бүтээлүүдийн нэг нь ковидын үед бүтээсэн загварууд. Тухайн үед маск үйлдвэрлэх явцад гарсан хаягдлыг багасгахын тулд маскны чихэнд тогтоодог хэсгийг дахин ашиглаж, шинэ загварууд бүтээсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн хаягдлыг багасгаж, үлдэгдэл материалыг дахин ашиглах боломжтойг харуулахыг зорьсон.












С.УЧРАЛ