Варгасын нулимс ба Туркийн дараалсан түрүү

Эмэгтэйчүүдийн Европын волейболын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр/2026.09.06/ өндөрлөлөө. 34 дэх удаагийн тэмцээн Азербайжан, Чех, Швед, Турк гэсэн дөрвөн улс дамнан болж, финалын тоглолтууд Истанбул хотноо болов.

Буурал тивийн 24 шилдэг баг өрсөлдсөнөөс финалд өнөө цагийн шилдгүүд болох Турк болон Италийн шигшээ багууд тунажээ. Мелисса Варгасын эсрэг Эгону, Антропова гэсэн сонирхолтой тоглолт үзэгчдийг уйдаасангүй.

Италийн шигшээ баг тэмцээний хүрээнд нэг ч хожигдоогүй, ердөө хоёрхон ээлжийн тоглолт алдсан гэх сүрдэм үзүүлэлттэй байсан бол Туркийн шигшээ баг хэсгийн шатанд Польшийн багт хожигдсон байв. Зарим волейбол сонирхогчдын зүгээс Туркийн шигшээ багийг албаар Польшид хожигдож, хагас шигшээд Италиас зугтсан гэх зүйлсийг ярьсан.

Тоглолтын тухайд Итали эхний ээлжийн тоглолтод илт илүүрхсэн. Мелисса Варгасын цохилтууд удаа дараа хаалтанд орж, Турк энэ хүнд байдлаас хэрхэн амьд гарах вэ гэдэг нь сонирхолтой байлаа. Хоёрдугаар ээлжийн тоглолтыг ч Итали сайн эхлүүлж, зургаан онооны илүү гарав. Ийм үед багийн ахлагч Эда Эрдэм багаа сэргээж, улмаар Варгас тоглолтод орж ирлээ.

Италийн хаалт, давуулалтууд дийлдэшгүй мэт л байсан.

Хоёрдугаар үеийн төгсгөлийн эгзэгтэй мөчид Зехра Гюнеш хаалтаар оноо авч, багтаа тэргүүллийг авчирсан. Ордонд чуулсан 12 мянган ард түмнийхээ нүргээнд Туркийн баг хэмнэлийг эргүүлж чадсан.

Ийнхүү ээлжийн харьцаа 1-1 болж, салхи Турк руу эргэлээ гэтэл гуравдугаар ээлжийн тоглолтод Итали бут ниргэв. 25-12 гэсэн харьцаатай эзэн орны багийг шившиглэсэн. Антропова, Эгону, Силла гээд л дараалсан цохилтууд сэхээ өгсөнгүй.

Гуравдугаар ээлжийн тоглолт дууссаны дараа завсарлагаанаар Мелисса Варгас нулимс дуслуулсан. Хангалттай сайн тоглож чадахгүй байгаадаа бухимдаж, уйлсан нь багийнхандаа нөлөөлөв. Ийнхүү Дерья Чебежиоглу гялалзаж, Варгасын ачаанаас хөнгөлөв. Дөрөвдүгээр ээлжинд Турк хариуг нь барьж, амьсгаа авлаа.

Шийдвэрлэх үед мэдээж Варгас асуудлыг шийдсэн. Хаалт, довтолгоо, давуулалт гээд бүх талаараа Варгасын хүрсэн бөмбөг бүр оноо болсон. Тэнцүү эхлэлийн зөрүү нь Варгасын давуулалт дээр гарсан. Гурван давуулалт нь оноо болж, дотор нь уужирсан гэлтэй. Италийн холбогч Орро яаж ч найруулсан нэгэнт эргэсэн салхийг өөрчилж чадсангүй.

Туркийн шигшээ баг талбай дээрээ аваргаа хамгаалж, дэлхийн чансааг тэргүүлэгч Италийг буулган авсан юм. Тэмцээний шилдгээр Варгас тодорсон. Түүнчлэн 2028 оны Лос Анжелесын олимпын эрх авчээ.

Туркийн шигшээ баг энэ жил Европын аваргаас гадна Үндэстнүүдийн лигт Бразилыг хожиж, түрүүлсэн билээ. Тэд 2023 онд анх удаагаа Европын аварга болж байлаа.

Хүрэл медалийг Сербийн шигшээ баг хүртсэн. Тэд Польшийг 3-1 гэсэн харьцаатай хожсон аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн