US Open: Чехийн теннисчид холимог хосын төрөлд аваргаллаа

НЬЮ-ЙОРК, 2026 оны наймдугаар сарын 27 /ТАСС/. Чехийн теннисчин Каролина Мухова, Якуб Меншик нар Нью-Йорк хотноо болж буй АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний /US Open/ холимог хосын төрөлд түрүүллээ.

Тэд финалын тоглолтод Швейцарын Белинда Бенчич, Италийн Флавио Коболли нарын хосыг 6:3, 1:6, 10:6 харьцаагаар хожсоноор Их дуулгын тэмцээнд анх удаагаа аваргалж байна.

Аваргалсан хос 1 сая долларын мөнгөн шагнал авсан бол финалд тоглосон теннисчид 500 мянган доллар, хагас шигшээд шалгарагсад 250 мянган долларын шагнал тус тус хүртжээ. Чехийн теннисчид хагас шигшээд Оросын Мирра Андреева, Андрей Рублев нарыг хожсон юм.

Өдгөө К.Мухова Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ чансааны 7 дугаарт бичигдэж байгаа бөгөөд тус холбооны ивээл дор болдог тэмцээнүүдэд 3 удаа түрүүлжээ. Ганцаарчилсан төрөлд тэрбээр Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн /2023/ ба Уимблдоны /2026/ финалд шалгарч байв.

Өдгөө 20 настай Я.Меншик дэлхийн чансааны 18 дугаарт бичигдэж байгаа бөгөөд Эрэгтэй теннисчдийн холбооны /АТР/ тэмцээнүүдэд 2 удаа түрүүлжээ.

US Open бол Их дуулгын энэ улирлын хамгийн сүүлчийн тэмцээн бөгөөд 8 дугаар сарын 23-наас есдүгээр сарын 13-нд хатуу талбайд явагдана. Эрэгтэйчүүдийн ба эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 13-нд болно.  

US Open-ы шагналын сан энэ онд 108 сая ам.доллар болж нэмэгджээ.

Өмнөх оны ганцаарчилсан төрлийн аваргууд бол Испанийн Карлос Алькарас, Беларусийн Арина Соболенко нар юм.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн