"Айчи Нагоя 2026" Азийн наадам
News.mn сайт Япон улсын Нагоя хотоос мэдээллэж байна.
Азийн зуны 20 дахь удаагийн наадам Нагоя хотноо нээлтээ хийхэд тун бага хугацаа үлдлээ. Япон улс түүхэндээ гурав дахь удаагаа Азийн олимп гэгддэг наадмыг хүлээн авч байна. Тэд өмнө нь 1958, 1994 онуудад Токио болон Хирошима хотуудад уг арга хэмжээг зохион байгуулж байлаа.
Өнөөдөр/2026.09.19/ 17:00 цагаас наадмын албан ёсны нээлт эхэлнэ. Нээлт болох “Палома Мизүхо” цэнгэлдэх нь 2026 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн “залуухан” байгууламж. 30 мянган хүний суудалтай цэнгэлдэхэд Азийн олимпын зөвлөлд багтдаг 45 орны тамирчид жагсана.
Монголын багийн тугчдаар 3х3 сагсан бөмбөгийн тамирчин Ч.Тэмүүлэн, волейболын тамирчин П.Энххүслэн нар сонгогдсон.
Азийн наадмын нээлтийг Японы найруулагч Юкихико Цүцүми найруулсан. Өдгөө 71 настай тэрбээр 1988 оноос хойш дэлгэцийн бүтээл найруулж, олон түмэнд хэдийнэ танигдсан нэгэн аж.
НЭГДМЭЛ ЗҮРХНИЙ ЦОХИЛТ
Нээлтийн ёслолыг “Harmonic Heart Beat” буюу “Нэгдмэл зүрхний цохилт” гэж сэдэвчилсэн. Үндсэн санаа нь Ази тивийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид болон ард түмний зүрх сэтгэл нэгэн хэмнэлээр, хамтдаа цохилж, хоорондоо нандин холбоо тогтоож буйг бэлгэджээ.
Энэ удаагийн нээлтийн ёслол нь дижитал эффектээс илүүтэйгээр хүний амьд гүйцэтгэл, бүжигчдийн хөдөлгөөн болон аж үйлдвэрийн робот гар ашигласан өвөрмөц шийдлээрээ онцлог болж байна.
