Вашингтон Хилтон зочид буудалд өчигдөр /2026.04.25/ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдийн хамт оройн зоог барьж байх үеэр нэгэн этгээд гал нээжээ. Тэр даруй ресторанд байсан ерөнхийлөгч болон түүний засаг захиргааны гишүүдийг аюулгүй газарт аваачсан байна. Оройн зоог барьж байсан дайллагын танхимыг Нууц албаныхан бүрэн бүсэлсэн байсан бөгөөд 100 гаруй хүн Трампын үг хэлэхийг хүлээж байх үед 5–8 удаа буун дуу сонсогджээ. Буудсан этгээд танхимд нэвтэрч чадаагүй байна.
Оройн зоогт Трампаас гадна тэргүүн хатагтай Меланиа Трамп, дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, батлан хамгаалахын сайд Пит Хегсет, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар оролцож байв. Хэсэг хугацааны дараа гал нээсэн этгээдийг Нууц албаныхан баривчилсан бөгөөд энэ тухай ерөнхийлөгч Трамп Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ. Тэрбээр “Нууц албаны ажилтнууд болон хууль сахиулах байгууллагууд хурдан бөгөөд зоригтой ажиллалаа. Буудсан этгээдийг баривчилсан. Би оройн зоогийг үргэлжлүүлье гэсэн, гэхдээ хууль сахиулах байгууллагуудын зөвлөмжийг дагана” гэж бичсэн байна.
Хэрэг явдал болсноос хойш хэсэг хугацааны дараа тэрбээр хэвлэлийн хурал хийжээ. Түүний хэлснээр, халдагч этгээд хэд хэдэн буутай байсан бөгөөд Нууц албаны нэгэн ажилтан суманд өртсөн боловч сум нэвтэрдэггүй хантааз нь түүний амийг аварсан байна. Мөн сэтгүүлчидтэй хийж байсан уулзалтыг хойшлуулахаар шийдвэрлэжээ.
CNN агентлагийн мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээд нь Калифорни мужид оршин суудаг 30 настай эрэгтэй байжээ. Колумбиа тойргийн цагдаагийн газрын даргын хэлснээр, баривчлагдсан этгээд ямар сэдлээр халдлага үйлдсэнийг одоогоор тогтоогоогүй байна.