Японы Токиогийн их сургууль 1877 онд байгуулагдсанаас хойш эмэгтэй хүн анх удаа ерөнхийлөгчөөр нь сонгогджээ. Тус их сургуулийн дараагийн ерөнхийлөгчөөр 64 настай Фүжигаки Юүко сонгогдсон байна. Тэрбээр Токио хотод төрсөн бөгөөд Токиогийн их сургуулийн Урлаг, шинжлэх ухааны коллежийг төгссөн. Мөн тус сургуулийн Урлаг, шинжлэх ухааны дээд сургуулийн дэд захирлаар ажиллаж байжээ.

Фүжигаки Юүко нь шинжлэх ухаан, технологийн судалгаа болон шинжлэх ухааны хөгжлийн үзүүлэлт, статистикийн чиглэлээр мэргэшсэн. Токиогийн их сургууль ерөнхийлөгчөө сонгох хурлаар гурван нэр дэвшигчээс Фүжигакиг сонгожээ. Түүний зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа 2027 оны дөрөвдүгээр сард эхэлнэ. Тэрбээр одоогийн ерөнхийлөгч Фүжи Тэруогийн халааг авах юм.

Фүжигаки шинэ албан тушаалаа хүлээн авахтай холбоотой хэвлэлийн бага хурлын үеэр их сургууль үндсэн зорилго, үүргээ эргэн харж, санхүүгийн тогтвортой байдлаа бэхжүүлэх шаардлагатайг онцолжээ. Мөн Япон болон дэлхийн шинжлэх ухаан, академийн хөгжилд илүү их хувь нэмэр оруулах зорилт тавьсан байна.

Токиогийн их сургуулийн 150 жилийн ой тохиох жил эмэгтэй хүн ерөнхийлөгчөөр ажиллах нь нийгэмд чухал мессеж болно гэж тэрбээр онцолжээ. Мөн эмэгтэй оюутнуудын тоог нэмэгдүүлж, илүү олон эмэгтэйг судлаач болохыг дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн тус их сургуулийн анагаах ухааны салбарт гарсан хэд хэдэн дуулиантай холбоотойгоор шүүмжлэл дагуулж байсан салбар хоорондын хэт тусгаарлагдсан байдлыг өөрчлөх шаардлагатайг Фүжигаки онцолжээ. Тэрбээр их сургуулийн дотоод болон гадаад харилцаа холбоог сайжруулж, олон нийтийн итгэлийг сэргээх нь чухал гэдгийг хэлсэн байна.

Эх сурвалж: NHK

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн