Сошиал медиагаар түгэн дэлгэрсэн “thrift” соёл Монголын залуусын дунд ч хүчтэй нэвтэрчээ. Өмнө нь хуучин хувцсыг зөвхөн мөнгө хэмнэх зорилгоор сонгодог байсан бол өнөөдөр залуус өвөрмөц хэв маяг бүрдүүлэх, дахин давтагдашгүй хувцас олох, ижил сонирхолтой хүмүүстэй танилцахын тулд “thrift shop” буюу хуучин барааны дэлгүүрээр зорих болсон байна.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “thrift shop”-уудын үйлчлүүлэгчдийн дийлэнхийг “Gen Z” үеийн залуус бүрдүүлдэг гэхэд буруудахгүй. Хэрэглэгчдийн сэтгэгдлээс харахад зөвхөн хувцас бус гоёл чимэглэл, үнэт эдлэл, дагалдах хэрэгсэл нь ч гадуур олдоод байдаггүй өвөрмөц, анхаарал татахаар байдаг гэнэ. Мөн олон нийтийн сүлжээнд түгээмэл болсон “thrift haul”, “vintage outfit” зэрэг контентууд залуусын сонирхлыг нэмэгдүүлэхэд багагүй нөлөөлжээ.
“Z” үеийн залуус хувцсыг зөвхөн хэрэглээнээс гадна өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл гэж үзэх болсон нь энэ төрлийн дэлгүүрүүдийн эрэлтийг өсгөжээ. Ижил загварын масс үйлдвэрлэлийн хувцаснаас илүү дахин давтагдашгүй зүйл сонгох хандлагатай залуус хуучин хувцасны дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгчид аж. Мэдээж хамгийн том давуу тал нь эдийн засгийн хэмнэлт. Брэндийн болон чанартай хувцсыг үндсэн үнээс нь хэд дахин хямд үнээр авах боломж байдаг нь оюутан, залуусын анхаарлыг татдаг.
“13 thrift shop”-ын захирал “Манайх үйл ажиллагаагаа явуулаад 12 жил болж байна. Хэдэн жилийн өмнөхийг бодвол орчин үеийн залуус ‘thrift’ шопын соёлыг илүү дэлгэрүүлж байгаа. 18-32 насныхан түлхүү ирж үйлчлүүлдэг.
‘Low raise’, ‘baggy jeans’, ‘hoodie’, савхи зэрэг хувцаснууд илүү эрэлттэйгээс гадна ихэнх хувцаснууд 10-40 мянган төгрөгийн үнэтэй байдаг.
Залуучуудын хувьд байгальд ээлтэй талаас нь хүлээж авдаг болсон нь авууштай” гэлээ.
“Second hand” хувцасны хэрэглээ нэмэгдэж байгаа нь загварын мэдрэмжээс гадна байгаль орчинд ээлтэй хэрэглээний хэлбэр гэж үздэг. Хувцасны үйлдвэрлэл нь дэлхийн хамгийн их нөөц хэрэглэдэг салбаруудын нэг бөгөөд их хэмжээний ус, эрчим хүч зарцуулж, хүлэмжийн хий ялгаруулдаг байна. Харин өмнө нь хэрэглэгдэж байсан хувцсыг дахин ашиглах нь шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээг бууруулж, хог хаягдлыг багасгахад хувь нэмэр оруулдаг. Учир нь синтетик материалтай хувцас бүрэн задрахад хэдэн арван жил шаардлагатай байдаг аж. Өөрөөр хэлбэл, нэг хүний худалдаж аваагүй хуучин хүрэм хогийн цэг рүү явахын оронд өөр хүний шүүгээнд хоёр дахь амьдралаа эхлүүлж байгаа хэрэг юм.
Энгийн хувцасны дэлгүүрүүдэд хэрэглэгчид тодорхой хувцас хайж очих нь түгээмэл байдаг бол “thrift shop”-ын үйлчлүүлэгчдийн хувьд ихэвчлэн тодорхой бараа хайж бус, сонирхон үзэж, таалагдсан зүйлээ сонгон худалдан авдаг аж. Учир нь “thrift” дэлгүүрүүдийн бараа тогтмол шинэчлэгдэж, ихэнх бүтээгдэхүүн цор ганц хувь байдаг. Ийнхүү “thrift shop”-ын соёл нь урьдчилан төлөвлөсөн худалдан авалтаас илүү гэнэтийн олз, өвөрмөц олдвор хайх сонирхол дээр тулгуурлаж байна. “Thrift-д хүмүүс ихэвчлэн авах зүйлээ төлөвлөж ирдэггүй. Харин ямар сонирхолтой юм таарах бол гэж орж ирээд гэнэт дуртай хүрэм, “vintage” цамц эсвэл ховор гоёл чимэглэл олчихдог” гэж үйлчлүүлэгчид ярьж байлаа.
“Thrift” худалдааны соёл зөвхөн Монголд бус дэлхий даяар хурдацтай өсөж байна. “ThredUp”-ийн 2025 оны тайланд дурдсанаар дэлхийн “second hand” хувцасны зах зээл 2029 он гэхэд 367 тэрбум ам.долларт хүрч, нийт хувцасны зах зээлээс 2.7 дахин хурдан өсөх төлөвтэй байна.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэдээлснээр дэлхий даяар жил бүр 92 сая тонн нэхмэл, хувцасны хаягдал үүсдэг байна. Мөн 2023 онд нэхмэлийн ширхэглэгийн дөнгөж 8 хувь нь дахин боловсруулсан материалаас бүрдэж байжээ.
Тиймээс “thrift shop” нь залуусын хувьд зөвхөн худалдааны цэг биш, харин өвөрмөц зүйл эрэлхийлэх, өөрийгөө илэрхийлэх, байгальд ээлтэй хэрэглээг дэмжих соёлын нэг хэсэг болон төлөвшиж байна. Өөрөөр хэлбэл, өчигдөр хэн нэгний шүүгээнд байсан хувцас өнөөдөр өөр нэг залуугийн хэв маягийг тодорхойлох болсон нь хэрэглээний шинэ үе эхэлж буйг илтгэж байна.