The MongolZ баг хожих боломжоо алдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

НЭМЭЛТ:

The MongolZ баг 1-2 гэсэн харьцаатай хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ. Эхний “Mirage” мап дээр Монголын баг хожсон ч удаах “Inferno” дээр тэргүүллээ алдаж, Бразилын багт хожих боломжийг бүрдүүлэв. Шийдвэрлэх “Nuke” мап дээр 13-2 гэсэн харьцаатай “FURIA” хожиж, тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо. Угтаа “Inferno” мап дээр “The MongolZ” баг 12-9 гэсэн харьцаатай тэргүүлж байсан юм. Ердөө ганцхан раунд хожиход л “FURIA”-аас хариугаа авах байв.

“The MongolZ”-ийн дараагийн тэмцээн нь хоёрдугаар сарын 14-нд Румынд эхлэх “PGL Cluj-Napoca 2026”.

Цахим спортын “CS2” төрлийн “IEM Krakow” тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр/2026.01.31/ тэмцээний хоёрдугаар шат эхэлж, дэлхийн чансааг тэргүүлэгч багууд тоглолтоо хийв. Бүрэлдэхүүндээ “cobrazera”-г нэгтгэсэн “The MongolZ” баг энэ улирлын эхний тоглолтоо “G2” багийн эсрэг хийж, 0-2 гэсэн харьцаатай хожигдлоо.

Тус тоглолтод “The MongolZ” багаас “910” л нэмэх үзүүлэлттэй тоглосон бол шинэ цэрэг “cobrazera” 24-33 гэсэн K/D үзүүлэлттэй байв. Харин эсрэг багаас нь испани мэргэн бууч “SunPayus” 32-22, хашир туршлагатай “huNter-” 37-24 гэсэн үзүүлэлттэй тус тус тоглож, багаа манлайлжээ.

“G2” баг одоогоор гурав тоглож, нэг ч хожигдсонгүй.

Эхний мап “Dust2” дээр “G2” бүрэн илүүрхэж, 13-2 гэсэн харьцаатай хожсон. Харин удаах “Ancient” мап дээр “The MongolZ” баг сайн эхэлсэн ч тэргүүллээ удаан хадгалсангүй. Эгзэгтэй чухал мөчид 2vs1 раунд алдаж, эсрэг багтаа цувралыг дуусгах боломжийг өгсөн.

Өнөөдөр 23:30 цагаас “The MongolZ” баг Бразилын “FURIA” багийн эсрэг тоглоно. Бразилын баг өчигдөр “FUT” багт хожигдож, доошоо унажээ. Хоёр багийн хожсон нь тэмцээнээ үргэлжлүүлж, хожигдсон нь гэртээ харина.

Хоёр баг өнгөрсөн жил долоон удаа учраа тааран тоглоход “FURIA” сүүлийн дөрвөн тоглолтод нь дараалан ялж, 4-3 гэсэн харьцаатай болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн