Тансаг ресторанууд Газад амьдрал хэвийн болсныг батлахгүй

Цахим сүлжээнд Газын зурвас дахь тансаг кафе, ресторануудын зураг, бичлэг хангалттай их бий. Израилийг дэмжигчид эдгээр газрыг ашиглан Газын зурваст амьдрал хэдийнэ хэвийн байдалдаа орсон, хүмүүс зовж шаналаагүй, тэнд ямар ч геноцид болоогүй гэж батлахыг оролддог. Үнэхээр ч тийм. Газад Кафе, ресторанууд бодитоороо бий.

“Al Jazeera” агентлагийн сэтгүүлч өнгөрсөн гуравдугаар сард Газын зурваст очиход сүйрсэн хотын цочирдом төрх угтан авчээ. Хаашаа л харна нуранги. Гудамж талбай яг л төөрдөг байшин мэт танихын аргагүй.

Гэвч тэрхүү сүйдсэн хэсгээс холгүй бүр ч их гайхашруулсан дүр зураг угтсан нь дайнаас өмнө ч тэнд байгаагүй тансаг кафе, ресторанууд байжээ. Тэдгээр нь түр зуурын хуурамч, хиймэл барилгууд байсангүй. Харин үнэтэй материалаар барьж, нямбай будсан, гоёмсог тавилга сэлтээр тохижуулсан, шилэн фасадтай, гял цал дотоод засалтай, тансаг уур амьсгалтай газрууд байжээ. Мэдээж ийм барилгууд нуранги болсон хотод тун зохимжгүй, бараг бодит бус мэт харагдаж байсан аж.

Харамсалтай нь, энэхүү тансаг ресторанууд Газын зурваст амьдрал хэвийн болсон гэдгийг батлахгүй. Харин ч геноцид үргэлжилсээр буйн баталгаа. Газад үүссэн гүн гүнзгий шударга бус нийгмийн дүр төрхийг харуулж байна. Дайн зарим хүмүүсийг ихээхэн баяжуулсан нь өдгөө тансаг кафе, ресторан хэлбэрээр илрэн гарч ирж байна. Хомсдолын үед зарим хүн хууль бус наймаа, дээрэм, нөөцлөлтөөр ихээхэн хөлжжээ.

Бодит байдал дээр Газын хүн амын дийлэнх нь нэн ядуурлын байдалтай байгаа юм. Дайнаас өмнө хүмүүс кафе орж, уух юм авч, хөнгөн хоол идэх боломжтой байсан ч одоо тэд гял цал газруудаар үйлчлүүлэх нь бүү хэл уух ус ч үгүй аж төрж байна. Тэд Израилийн зөвшөөрсөн багахан тусламжаар л амь зогоож байна.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн