Иран, Израилийн дайн Газын зурваст гай авчрав

Израиль улс Иранд цохилт өгснийхөө дараа Газын зурвас руу нэвтрэх бүх гарцыг тодорхойгүй хугацаагаар хаасан. Энэ алхам нь хүнсний үнийг улам өсгөж, хоёр сая хүн дахин өлсгөлөнгийн аюултай тулгараад байна.

Хоёр жил гаруй үргэлжилсэн дайны эцэст Израиль Газын зурвасын 60 орчим хувийг хяналтдаа авсан. Үүний дараачаас Газын зурвасын бараг бүх хоол хүнсийг гаднаас оруулж ирэх шаардлагатай болсон.

Хүмүүнлэгийн байгууллагуудын мэдээлж буйгаар, одоо байгаа хүнс Газын зурвасын иргэдийг цөөн хэд хоногт л хангаж хүрэх аж. Гарцууд хаалттай хэвээр байвал “World Central Kitchen” энэ долоо хоногтоо л хүнсээ барна гэж мэдэгдлээ. Тус байгууллага өдөрт нэг сая халуун хоол гаргадаг.

Израиль өнгөрсөн хавар Газын зурваст бүрэн бүслэлт хийж, дараа нь хүнсний тээвэрлэлтэд хатуу хязгаарлалт тавьсан. Үүнээс болж өлсгөлөн нүүрлэсэн учир зөвхөн хүнс түгээлтийн цэг рүү хүрэх гэж шахцалдаж, амь тэмцэж яваад хэдэн зуун хүн нас барсан байдаг.

Гэтэл Израиль улс Иранд халдан довтолсон гэсэн мэдээ гармагц палестинчууд дахин бужигналдаж эхэлжээ. Тэд хүнс худалдан авах гэж яаран гарч, улмаар үнийн өсөлт үүссэн байна. 25 кг гурил өнгөрсөн долоо хоногт 30 орчим шекелийн үнэтэй байсан бол энэ долоо хоногт 80-100 шекел болж өссөн байдалтай байна. Элсэн чихэр, живх, хүнсний тос зэрэг бусад зайлшгүй шаардлагатай зүйлсийн үнэ ч хоёр дахин нэмэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн