Т.Дүүрэнсарангийн сэргээшийн шилжилгээ баталгаажив

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд дөрөв давсан аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас сэргээшийн хяналтын хүрээнд сорьц авсан. Сорьцыг Герман улсын Дрезден хот дахь Допингийн шинжилгээ ба спортын биохимийн институтэд хүргүүлэн шинжлүүлэхэд хориотой бодисын жагсаалтын S1.1 ангилалд хамаарах анаболик андрогены стероид болох дростанолоны метаболит илэрч, А сорьцод сөрөг аналитик илэрц гарсан байна.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн 2.4.1-д тамирчны сорьцод хориглосон бодис, түүний метаболит эсхүл маркер илэрсэн байхыг, 2.4.2-т тамирчин хориглосон бодис, хориглосон аргыг хэрэглэсэн эсхүл хэрэглэхийг завдсан байхыг тус тус допингийн эсрэг дүрмийн зөрчилд тооцохоор заасан байдаг.

Дээрх шинжилгээний сөрөг аналитик илэрцтэй холбоотой үр дүнгийн удирдлагын ажиллагааг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Үндэсний бөх болон Сурын харвааны салбар хорооны хамтран байгуулсан хараат бус баг допингийн эсрэг үндэсний дүрмийн холбогдох заалтын дагуу хариуцан явуулж байгаа.

Тодруулбал, аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас илэрсэн дростанолон нь хориглосон жагсаалтын тусгайлан заагаагүй бодисын ангилалд хамаардаг аж.

Үүнтэй холбоотойгоор Үр дүнгийн удирдлагын баг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 7.11-д заасны дагуу Үндэсний их баяр наадмын зохион байгуулагчаас тамирчныг энэ сарын 12-ноос эхлэн түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрчээ. Улмаар Т.Дүүрэнсаранг аливаа спортын тэмцээн, уралдаан болон спортын бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түр түдгэлзүүлжээ.

Хэрэв үр дүнгийн удирдлагын ажиллагааны үр дүнд тамирчин допингийн эсрэг дүрмийн зөрчил үйлдсэн нь эцэслэн тогтоогдвол Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.53-т заасны дагуу сорьц цуглуулсан өдрөөс хойш оролцсон холбогдох тэмцээн, уралдааны үр дүнг шударга ёсны зарчмыг харгалзан хүчингүй болгох, медаль, оноо болон шагналыг хураана.

Зөрчлийн хэргийг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу үргэлжлүүлэн хянан шийдвэрлэж, эцсийн шийдвэр гарсны дараа олон нийтэд мэдээлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн