Сомалийн өмнөд хэсгийн боомт хотын зах хавь үхрийн оршуулга болж хувирчээ. Заримыг нь үхсэн газар нь үлдээдэг бол тодорхой хэсгийг нь гүехэн булшинд булдаг. Сүү, мах, өдөр тутмын амьжиргааны орлогоо малаас олдог сомаличуудын хувьд энэ нь хэмжээлшгүй гарз, хохирол. Нэгэн цагт хоол хүнс, орлого олдог байсан зүйлс одоо алдагдал л дагуулах болсон байна.
Энэ асуудал Сомали даяар толгойны өвчин болж байна. Өдөрт 6.5 сая хүн өдөрт авах ёстой шим тэжээлээ авч чадахгүйгээр барах уу өлсөхөөс өөр аргагүй болж байгаа аж. Учир нь үнийн өсөлт нь хямралыг улам дордуулж байна. “Save the Children” сангийн хүмүүнлэгийн захирал Франческа Сангиорги хэлэхдээ, цаг хугацааны эрхэнд улам их нэмэгдэж буй хямрал нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй. Тэрбээр “Бид улс орон даяар борооны улирал бололгүй хэр их удаж байгааг харлаа” гэсэн юм. Гэвч одоо бороо орсон ч тартагтаа тулсан хямралыг даван гарч чадахгүй гэж Санжиоржи онцолсон юм.
Хямралын цар хүрээ
Сомалийн нийт хүн амын гуравны нэг орчим нь хүнсний ноцтой хомсдолд өртөөд буй. Улмаар шим тэжээлийн дутагдалд орсон хүмүүсийн дархлаа суларч суулгалт, улаан бурхан болон бусад халдварт өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Одоогийн байдлаар хоёр сая гаруй хүн маш аюултай, ноцтой нөхцөлд орсон байна. Тэдний зарим нь хоол, ус болон амин чухал хэрэгцээгээ хангахын тулд гэр орноосоо дүрвэхээс өөр аргагүй болсон. Тусламжийн хуарангууд эдгээр хүмүүст туслах гэж хичээж байгаа ч нөөц дуусч байна. Мөн хүүхдүүд хамгийн их хохирол амсаж байгаа нь асуудлыг хурцатгаж байна.
НҮБ-ын мэдээлснээр Сомалид тав хүртэлх насны ойролцоогоор 1.8 сая хүүхэд цочмог хоол тэжээлийн дутагдалд өртөх эрсдэлтэй байгаа нь тэдний амь насанд шууд аюул учруулж байна. Франческа Санжиоржи хэлэхдээ, нөхцөл байдал маш хурдтай дордож байгаа бөгөөд нөлөө нь аль хэдийн тодорхой харагдаж байна. Тэрбээр “Хүүхдүүдийн нөхцөл байдал маш их санаа зовоож байна. Хүүхдийн өвчлөл нэмэгдэж, тархаж байна. Гантай холбоотойгоор сургуулиас гарах хүүхдийн тоо маш өндөр байгаа бөгөөд цаашид ч өсөх болно. Бид хүүхдүүдэд амьдрах боломж олгохыг хүсэж байна. Тэдэнд шаардлагатай эрүүл мэнд, хоол тэжээлийн үйлчилгээ болон боловсролд хүрэх боломж хэрэгтэй” гэж мэдэгджээ. Хил хязгааргүй эмч нар байгууллагын мэдээлснээр 3.3 сая гаруй хүн ган гачгаас болж гэр орноосоо дүрвэсэн байна.

Хямрал бодит нөхцөл байдал дээр
Кисмайогийн ойролцоо Сомалийн дүрвэгсдийн хамгийн том хуарангийн нэг байгуулагдсан. Тэнд ган гачгаас болж мал аж ахуй, орон гэрээ алдсан хүмүүс ирдэг. Хуаранд байх нэгэн эмэгтэй Аль Жазира агентлаг хэлэхдээ, 200 гаруй үхрээс нь ердөө дөрөв нь л үлдсэн. Улмаар түүний амьжиргааны гол эх үүсвэр бүрэн сүйдсэн. Жуба мужийн Жамаме суурингаас дүрвэсэн Барваако Аден гэдэг эмэгтэй хуаранд саяхан ирсэн байна. Түүний найман сартай охин хоол хүнс, нөөцийн хомсдолоос үүдэлтэй хүнд хэлбэрийн хоол тэжээлийн дутагдлын улмаас орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Бусад хүмүүс ч урт, хүнд аяллыг даван тус хуаранд ирж байна. Тэдний олонх нь зэвсэгт “Аш-Шабаб” бүлэглэл хяналт тавьдаг бүс нутгаас зугтсан. Дүрвэгсдийн нэг болох Ходхан Мохамед хэдэн өдрийн турш явган алхаж, Жуба голыг завиар гаталсны дараа хуаранд хүрчээ. Тэрбээр шинэ ирэгсдийн адил хязгаарлагдмал бөгөөд тодорхойгүй тусламжийг хүлээн сууж байна.
Санжиоржи тайлбарлахдаа хоёрдогч дүрвэлт буюу аль хэдийн гэр орноосоо дүрвэсэн хүмүүс дахин нүүхээс өөр аргагүй болох нь улам бүр түгээмэл болж байна. Тэрбээр улс даяар үйлчилгээ болон бараа бүтээгдэхүүний хангамж багасахын хэрээр амин чухал барааны үнэ тасралтгүй өсөж байгааг онцолжээ. Одоогийн байдлаар Сомалид 3.8 сая гаруй хүн дотоодын дүрвэгсэд болоод байгаа нь нийт хүн амын 22 хувийг эзэлж байна. Тэдний олонх нь хэд хэдэн удаа нүүхээс өөр аргагүй болсон. Тухайлбал тусламжийн нөөц багасаж, дэмжлэг авах боломж улам хязгаарлагдах тусам нэг сууринаас нөгөөд шилжин амьдарч байна.

Сомалид сүүлийн гурван жил борооны улирал болоогүй. Үүний улмаас гол мөрөн, худаг ширгэж, бэлчээрийн газрууд хатжээ. Мал аж ахуйд тулгуурласан орон нутгийн иргэдэд нөлөө нь шууд мэдрэгдсэн. Мал сүрэг үхэж, малтайгаа хамт хүмүүсийн амьжиргааны эх үүсвэр алга болсон. Орон нутгийн хүнсний үйлдвэрлэл буурснаар гэр бүлүүд хоол хүнс худалдаж авах шаардлагатай болжээ. Гэтэл энэ үед хоол хүнс, түлш, усны үнэ тасралтгүй өссөөр байна. Ялангуяа хөдөө орон нутагт хүмүүсийн орлого амин чухал хэрэгцээгээ хангахад хүрэлцэхээ больсон.
Зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй аюулгүй байдлын асуудал нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Олон хүн гэр орноосоо дүрвэхээс өөр аргагүй болсон төдийгүй зарим бүс нутагт байх хямралд өртсөн хүмүүст тусламжийн ажилтнууд хүрч очих боломжгүй байгаа аж.
Сомалиас гадна АНУ–Израилийн Ираны эсрэг дайнаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал ч нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлж буй. НҮБ-ын тусламжийн нэгэн албан тушаалтан гуравдугаар сард хэлэхдээ, дайны улмаас үүссэн хүндрэлүүд зардлыг нэмэгдүүлж, тусламж хүргэх боломжийг сулруулж байна гэжээ. Хил хязгааргүй эмч нар байгууллага өнгөрсөн сард мэдээлэхдээ Сомалийн зарим бүс нутагт тээврийн зардал 50 хүртэл хувиар өссөн гэжээ. Энэ нь хүмүүсийг эрүүл мэндийн байгууллагад хүрч очиход улам хэцүү болгож, мөн түлшний үнэ өсөхийн хэрээр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зардлыг нэмэгдүүлж байна.