Кени улс ирэх дөрөвдүгээр сард Сомалитай хиллэх хилээ дахин нээхээр болжээ. Хоёр орныг холбосон тус хил нь “Аль-Шабаб” зэвсэгт бүлэглэлийн халдлагуудын улмаас бараг 15 жилийн турш хаалттай байсан юм.
Аль-Шабаб бүлэглэл Сомалид байрладаг бөгөөд Кенид хэд хэдэн томоохон халдлага үйлдсэн. Тухайлбал, 2013 онд Найроби хотын Вестгейт худалдааны төвд халдлага үйлдэж, 67 хүний аминд хүрсэн. Мөн 2015 онд Гарисса их сургуульд халдаж, 148 хүнийг хөнөөсөн байдаг. Кени улс 2023 онд хилээ нээхээр төлөвлөж байсан ч дахин халдлагууд гарсан тул энэ төлөвлөгөө хойшлогдсон. Кенийн ерөнхийлөгч Уильям Руто хэлэхдээ хоёр орны хилийн боомтыг нээх шийдвэр нь олон жилийн аюулгүй байдлын үнэлгээний дараа гарсан гэжээ. Мөн аюулгүй байдлыг хангахын тулд олон тооны хамгаалалтын хүчнийг байршуулна гэдгийг онцолсон байна. Кени улс мөн хууль бус зэвсэг болон бусад хориотой бараа хил нэвтрэхээс болгоомжилж байна.
Ерөнхийлөгч Руто энэхүү мэдэгдлийг Сомалийн хилийн ойролцоох, Кенийн зүүн хойд хэсэгт байрлах Мандера хотод айлчлах үеэрээ хийжээ. Тус хотод сомали үндэстэн олон амьдардаг. Руто мөн айлчлалынхаа үеэр Мандерагийн оршин суугчид Сомалид амьдардаг төрөл төрөгсөд, хөршүүдээсээ удаан хугацаанд тусгаарлагдсан нь шударга бус явдал гэжээ. Тэрбээр хилийг нээх нь хоёр улсын хоорондын худалдааг нэмэгдүүлж, хоёр талын иргэдийн амьжиргааг сайжруулна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Үүнээс гадна Мандерагийн иргэдийг Аль-Шабабын эсрэг тэмцэлд нэгдэхийг уриалж, засгийн газар орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, террористуудтай тэмцэнэ гэдгийг мэдэгдсэн байна.
Кени улс 2015 онд Сомалитай хиллэдэг 680 км урт хилийн дагуу хамгаалалтын хашаа барьж эхэлсэн. Гэвч бараг гурван жилийн дараа уг төсөл зогссон. Тэр хугацаанд ердөө 10 км хашаа баригдсан бөгөөд үүнд 35 сая ам.доллар зарцуулсан байжээ.