Мадурогийн баривчилгааны нууц мэдээллээр мөрий тавьсан цэргийг баривчилжээ

Венесуэлийн удирдагч асан Николас Мадурог баривчлах тухай мэдээлэл нийтэд ил болоогүй байхад “Polymarket” платформ дээр мөрий тавьсан АНУ-ын тусгай хүчний цэрэг Гэннон Кен Ван Дайк баривчлагджээ. АНУ-ын Хууль зүйн яам түүнийг нууц мэдээлэлд тулгуурлан арилжаа хийсэн гэж буруутган, ял тулгаад байна.

“Polymarket” гэдэг нь ирээдүйд юу болох талаар таамаг дэвшүүлж, мөнгөөр мөрий тавьдаг цахим платформ юм.

Цэрэг Ван Дайк нь Венесуэль ажиллагааны хугацаа болон үр дүнгийн талаарх нууц мэдээллийг ашиглан тавьсан мөрийний үр дүнд 409 мянга гаруй ам.долларын ашиг олжээ. Тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сарын 26-нд “Polymarket” платформд данс нээж, Мадуро болон Венесуэльтэй холбоотой мөрий тавьж эхэлсэн байна. Төрийн нууц мэдээлэл ашиглан мөрий тавьж буй түүний үйлдлийг “Polymarket”-ынхан өөрсдөө олж илрүүлсний үндсэн дээр АНУ-ын Хууль зүйн яаманд ханджээ.

“Таамаглалд суурилсан зах зээл өргөжиж эхэлж байгаа ч үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байна” гэж АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш хэлсэн байна.

Хууль зүйн яамны онцлон тэмдэглэж буйгаар, Ван Дайк нь цэрэг хүний хувьд цэргийн ажиллагаатай холбоотой ямар нэг нууц, эмзэг мэдээллийг аливаа хэлбэрээр задруулахгүй байх үүрэг хүлээж, гарын үсэг зурсан алба хаагч. Тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сарын 8-наас 2026 оны нэгдүгээр сарын 6-ны хооронд Венесуэль ажиллагааны төлөвлөлтөд, хэрэгжилтэд гар бие оролцсон байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн