Өмнөд Солонгосын 16 томоохон хот, мужийн захирагчийг сонгох орон нутгийн сонгууль зургадугаар сарын 3-ны өдөр болсон ч саналын хуудас хүрэлцээгүй асуудал үүссэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор Үндэсний сонгуулийн хорооны дарга Ро Тэ Ак хариуцлагаа хүлээж, огцрох саналаа өгсөн билээ. Үндэсний сонгуулийн хорооны зүгээс тухайн өдөр уучлалт гуйж, бүрэн мөрдөн байцаалт явуулна гэж мэдэгдсэн боловч энэ үйл явдал нь сонгуулийг хойшлуулах, эсвэл дахин санал хураалт явуулах үндэслэл болохгүй гэсэн юм.
Тэгвэл иргэд олон нийт дахин сонгууль явуулахыг шаардаж, тэр өдрөөс хойш 10 дахь өдрөө жагсч байна.
Зургадугаар сарын 12-ны орой л гэхэд 8000 орчим хүн цугларч, эсэргүүцлээ илэрхийлжээ. Харин зургадугаар сарын 13-ны өглөө 700 орчим жагсагч цугларан, шаардлага хүргүүлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр жагсагчдын тоо даруй 30 мянга хүрсэн байна. Тэдний олонх нь 20-30 насныхан байсан ч ажлын өдрөөр жагсагчдын тоо буурсан аж.
Үндэсний сонгуулийн хороо нь бие даасан үндсэн хуульт байгууллага бөгөөд гадны ямар ч аудитад хамрагддаггүй. Энэ нь Үндэсний сонгуулийн хороог улс төрийн нөлөөллөөс хамгаалах зорилготой тогтолцоо боловч эрх мэдэл нь хэрээс хэтэрч, дотоод асуудал нь дийлдэхээ байсан гэж шүүмжлэгчид үздэг ажээ.