Өмнөд Солонгосын 16 томоохон хот, мужийн захирагчийг сонгох орон нутгийн сонгууль энэ оны зургадугаар сарын 3-ны өдөр болсон ч саналын хуудас хүрэлцээгүй асуудал үүсч байсан билээ. Үндэсний сонгуулийн хорооны зүгээс тухайн өдөр уучлалт гуйж, бүрэн мөрдөн байцаалт явуулна гэж мэдэгдсэн. Энэ дагуу мөрдөн шалгах баг саналын хуудас дутсан шалтгаан болон саналын хайрцаг, санал өгөх байрны баннер зэрэг сонгуультай холбоотой гэрээнүүдэд авлига, хууль бус үйл ажиллагаа байсан эсэхийг өнгөрсөн сарын 7-ноос эхлэн шалгаж байна.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор тусгай прокурорын багийн байцаалтад орсон Үндэсний сонгуулийн хорооны нэгэн албан тушаалтан өнөөдөр /2026.10.21/ нас барсан олджээ. 40 орчим насны уг албан тушаалтныг Сөүлээс өмнө зүгт 45 орчим километрийн зайд орших Хвасон хотын нэгэн орон сууцны байрны цэцгийн мандлаас өнөө өглөө 07:06 цагийн орчимд олсон байна. Тэрээр байцаалтын үеэр өөрт нь шударга бус хандсанд гомдол бухимдлаа илэрхийлж, амиа хорлох тухай тэмдэглэл үлдээжээ. Түүнийг гэрийнхээ цонхоор үсэрсэн байж болзошгүй гэж үзэж байна.

Талийгаач аравдугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах багийн байранд байцаалтад орсон бөгөөд байцаалт оройн 20:55 цагийн орчимд дуусчээ. Улмаар байцаалтын үеэр өгсөн мэдүүлгээ шалгаад 22:40 цагийн орчимд тус газраас гарсан байна.

Тусгай прокурорын баг болсон явдалд эмгэнэл илэрхийлсэн ч шударга бус хандсан гэх мэдээллийг няцаажээ. “Бид талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна. Сэжигтэн өөрийн хүсэлтээр мэдүүлгээ дахин шалгаж, засварласан байдлаас харахад ямар нэгэн албадлагын нөхцөл байгаагүй” гэж мэдэгдэлд дурдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх